Энхтайвны гүүр дээр 25-30 насны залуу амиа хорложээ

Өнгөрсөн шөнө Энхтайвны гүүр дээр нэгэн иргэн амиа хорлосон байна. Тодруулбал шөнийн 02:00 цагийн үед 25-30 насны эрэгтэй Энхтайван гүүрний урд хэсэгт өөрийгөө боомилж амиа хорлосон байна.

 


Энэ талаар хэргийн газарт байсан иргэн Б.А-тай утсаар холбогдож зарим зүйлсийг тодрууллаа. 


    ESA: Өнгөрсөн шөнө Энхтайтан гүүрний урд хэсэгт нэгэн иргэн амиа хорлосон байсныг харсан гэсэн. Хэргийн талаар яриач хэдэн цагийн үед байсан бэ? 


Би өнгөрсөн шөнө 02:00 цаг дөнгөж өнгөрөөгөөд хамаатныхаа нэг залуутай  Энхтайвны гүүрний урдуур явж байсан. Гэтэл манай найз “хүний хөл унжиж байна” гэж хэлсэн. Тэгээд айгаад жаахан холдож явсныхаа дараа юу болсон юм бол гэж бодоод эргээд очтол нэг залуу өөрийгөө дүүжилж амиа хорлосон байсан бөгөөд машинтай 2-3 залуучууд тэр “дүүжлэгдсэн” хүнийг буулгаж байсан. 


    ESA: Хэд орчим насны ямархуу хүн байсан бэ? 


30 нас хүрээгүйдээ. 27 юмуу 28 настай гэмээр залуухан эрэгтэй хүн байсан. Саарал өнгийн куртиктэй, пүүз өмссөн жирийн бидэн шиг л залуу байсан. Ямарваа нэгэн байдлаар гудамжны, гэр оронгүй гэхээр зүйл ажиглагдаагүй. 


     ESA: Хэдэн залуучууд дүүжлэгдсэн хүнийг буулгасан гэлээ. Та дэргэд нь байсан уу? 


Анх харчихаад балмагдсандаа өнгөрөөд явсан. Тэгээд төд удалгүй эргэж ирээд хартал 3 машинтай хэдэн залуучууд нөгөө дүүжлэгдсэн хүнийг доороос нь өргөөд, нэг хүн нь Энхтайвны гүүрэн дээр олсыг нь таслаад зогсож байсан. Зарим нэг хүн өөрийгөө дүүжилсэн залуугийн зүрхэнд иллэг хийж, амьд эсэхийг нь шалгаж байсан. Миний харснаар хэдийнээ амиа алдсан байх шиг байсан. 


      ESA: Цагдаагийн байгууллага, Түргэн тусламж дуудсан уу? 


Дүүжлэгдсэн залууг буулгасан хүмүүс цагдаа, түргэн дуудсан юм шиг байна. Цагдаа түргэн 15 минутын дараа ирсэн. 


         Хэргийн газарт байсан иргэн Б.А-гийн ярьж байгаагаар Энхтайвны гүүрний урд хэсэгт буюу Петровисын шатахуун түгээх станцын ойролцоо хэрэг гарсан байна. Мөн тухайн иргэн нь “бүдүүн, улаан өнгийн” олсоор өөрийгөө дүүжилсэн байсан гэв. 


        “Эх сурвалж” агентлаг хэрэг гарсан байж болзошгүй газарт очиж, Петровисийн ШТС-ын дэргэдэх Петромартын худалдагчаас дээрхи хэргийн талаар тодруулахад: “02:00 цаг өнгөрч байхад цагдаа нар ирж зам хаасан. 20 орчим минут л болох шиг болсон. Би яг ийм, тийм хэрэг гарсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Нэг харахад л цагдаагийн машин ирсэн, зам хаасан байсан”  гэв. 

 

 

 

 


 

 

               ESA: Энхтайвны гүүрний хойд хэсэг нь Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагддаг бөгөөд урд хэсэг нь Хан-Уул дүүрэгт харъялагддаг юм байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ хэргийн талаар тэмдэглэл үйлдэгдсэн эсэхийг тодруулсан ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

 ЭС: http://ekhsurvalj.mn/news/view/2156