Ц.Нямдорж: Хойд Солонгосоос миний мэдэхээр ямар ч бичиг ирээгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотойгоор Хойд Солонгосоос ямар ч бичиг ирээгүй гэдгийг хэлээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ТЕГ-ын дарга асан Б.хурцын хийсэн мэдээллийг гүтгэлэг гэв.

Тэрээр "Би өчигдөр УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны хурал дээр суугаагүй. Тиймээс орой телевизээс мэдээллийг олж үзлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой ноцтой мэдээлэл хийх үеэрээ миний нэрийг дурджээ. Тэр УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалах яамны сайд байхдаа Хойд Солонгост зэвсэг зарахыг завдаж, 300 мянган ам.доллар авсан. Түүнийг Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай яриад үүнийг нь Ц.Нямдорж сайд мэднэ гэж хэлсэн. Би яамныхаа мэргэжилтнүүд болоод цагдаа, прокурор, тагнуулаас энэ бичгийг талаар асууж, хайлгалаа. Мэдэж байгаа хүн алга. Бас ийм бичиг ч алга. Миний хувьд Хойд Солонгосоос ийм бичиг ирсэн тухай өчигдөр л Б.Хурцаас сонслоо.
УИХ-ын гишүүдийн нэр хүндэд сүүлийн үед маш их халдаж байна. УИХ-ын дарга таныг гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авна уу гэж хүсч байна.Өчигдөр бол маш ноцтой мэдээллүүд байсан шүү. УИХ-ын Тусгай Хяналтын дэд хороогоо яаралтай ажиллуул. Бүрэлдэхүүнийг нь шинэчил.Болд гишүүнээс болоод Хойд Солонгосын ямар хоёр иргэн цаазлуулсныг хэзээ, хаанаас хэн олоод мэдэв. Миний хувьд Б.Хурцын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор цагдаа, прокурорт хандсан. Үнэндээ тусгай хүчний дарга нь УИХ-ын чуулган дээр орж ирээд 3 сая хүний өмнө эмнэлэгт жүжиг тавьж байна шүү дээ" хэмээн яриад Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулж байгаад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй бол олон улсад Монголын нэр хүнд унаж байгааг анхааруулав.