Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ

Японы мэргэжлийн сумо бөхийн маэгашира Таканоиваг зодож, гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан Их аварга /Ёкозүна/ Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар шийджээ гэж өнөөдөр өглөө Японы хэвлэл мэдээллээр шуугиж эхэллээ.



Сумо бөхийг 30 жил сурвалжилсан ахмад сэтгүүлч Ёконо Рэйко, Харүмафүжи өөрөө зодог тайлах шийдвэр гаргасан гэж ярьж байна. Түүний хэлснээр Харүмафүжи сэтгэл зүйн хувьд үнэхээр дийлэхээ болж хүндхэн байгаа аж. “Ялангуяа Ханэда нисэх буудалд буух үед нь гэмт хэрэгтэн мэт л гэрэл зурагчид зураг аван гүйлдэж байсан. Тэгээд ямар том хэрэг хийснээ ойлгосон байх. Дараа нь Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хатуу шийтгэл онооно гэсэн үгийг сонсоод зодог тайлахаар шийдсэн” гэж Ёконо Рэйко ярьж байна.

Мөн Харүмафүжиг дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн “Өчигдөр шөнө 1 цагийн орчим Харүмафүжи утасдаж, зодог тайлна гэдгээ хэлсэн. Тэр үнэхээр ядарлаа. Сэтгэл зүй дийлэхгүй нь гэж байсан” гэж ярьсан байна талаар сумо бөхийн спортын тухай олон жил бичиж байгаа Монголын спортынт сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ өөрийн сайтдаа онцолжээ.

Дашрамд дуулгахад, Мэргэжлийн сумогийн ертөнцийг доргиож байгаа “Харүмафүжи, Таканоива” асуудал Кюүшюү башё дууссаны дараа нэлээд эрчимтэй шийдэгдэж эхлээд байна. Өчигдөр өглөөний есөн цаг хагаст Тоттори мужийн нэгэн зочид буудалд цагдаагийн ажилтнуудад мэдүүлэг өгөхөөр орсон Их аварга Хакүхо М.Даваажаргалыг гарч ирэхэдт 16 цаг болж байв. Тэрбээр, долоон цаг хагасын турш маш урт байцаалт болсон нь Цагдаагийн газар ч энэ асуудалд их анхаарал хандуулж байгааг илтгэн харуулна. Хакүхо сэтгүүлчдэд “Өөрийн мэддэг, харсан бүх юмаа хэллээ. Цаашдаа Цагдаагийн газар, Сумогийн холбоо ямар шийд гаргахыг хүлээнэ” гэж хэлсэн байна. 

Ёкозүна Харүмафүжи маэгашира Таканоиваг зодсон хэрэг болсон үдэш их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, сэкивакэ Тэрүнофүжи нар хамт байсан юм. Тиймээс ч Цагдаагийн газар энэ өдөр, Ёкозүна Какүрюү М.Анандаас таван цаг хэртэй мэдүүлэг авсан байна.