Умард Солонгос дахин пуужин харвав

БНАСАУ дахин шинэ пуужингийн туршилт хийсний хариуд Өмнөд Солонгос өөрийн пуужингийн туршилтыг хийлээ гэж мэдээллийн ЁНХАП агентлаг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас иш татан мэдээлэв.



Тус агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 3 цаг 23 минутаас 3 цаг 44 минутын хооронд Өмнөд Солонгосын хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг болон агаарын цэргийн хүчний БНАСАУ-д цэгчилсэн цохилт өгөх пуужингийн нэгдсэн сургуулилт хийсэн байна. 300 км тусгалтай “Хёнму-2” баллистик пуужин, 1000 км тусгалтай “хөлөг онгоц-газар” ангиллын “Хэсон-2” пуужин, 57 км тусгалтай “агаар-газар” ангиллын “Спайс-2000” пуужингуудыг харваж туршижээ.

Өмнө нь мэдээлсэнчлэн, БНАСАУ 3 цаг 17 минутад Пхеньянаас холгүй газраас баллистик пуужин хөөргөснийг Өмнөд Солонгосын цэргийнхэн тогтоосон аж. Пуужин 1000 орчим км нисч, Японы нутгаас 210 км зайтай унасан байна.

АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Умард Солонгосын энэ пуужингийн нислэгийн муруй нь өмнөх бүх пуужингаас өндөр байсан гэж мэдэгджээ. “Умард Солонгос пуужин харвасан нь тус улсын асуудалд хандах АНУ-ын хандлагыг өөрчлөхгүй. АНУ нөхцөл байдлыг зохицуулж чадна” гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон БНАСАУ пуужин харвасныг буруушааж, тус улсын эрх баригчдад улам хүчтэй дипломат болон улс төрийн шахалт үзүүлэхийг дэлхийн бүх улсад уриалав.

Умард Солонгос энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн пуужингийн туршилтыг тогтмол явуулж ирсэн ба есдүгээр сарын 15-нд харвасан баллистик пуужин нь Японы нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрснөөс хойш нам гүм болоод байсан юм. Дэлхийн хамтын нийгэмлэг үл таашааж байгаа хэдий ч БНАСАУ пуужингийн хөтбөрөө хэрэгжүүлсээр байгаа билээ.