Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.29/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв.


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд гарсан. Тэдгээр саналуудаас тус хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай саналууд байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, төрийн жинхэнэ албаны шалгалттай холбоотойгоор боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг төсвөөс санхүүждэг байгууллагын дарга, захирал, эрхлэгч бусад удирдах албан тушаалтныг хамруулах эсэх. Мөн Төрийн албаны хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх хуулийн заалтуудын тухайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Тамгын газрын даргыг 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зэргээр анхаарах олон асуудал байгаа талаар ярилцлаа.


Мөн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн мэдээллийг сонсов. Монгол банкны хараат бус, бие даасан байдлыг хангах, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрүүлэх, Монголбанкны засаглалын бүтэц, зохион байгуулалтын олон улсын жишигт нийцүүлэх, боловсронгуй болгох, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах асуудлыг анхаарах хэрэгтэй. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж үзэх нь зүйтэй гэж үзлээ.