Кондолиза Райс: Амьдралаа хамт туулах эр хүнийг олж чадсангүй

Төрд өндөр алба хашдаг бүсгүйчүүд яагаад ч юм бусдаасаа хатуу чанд, зарчимч, эршүүд байдаг. Улс төрийн халуун тогоонд эрчүүдтэй хамт чанагдах тэдэнд магадгүй ийм л хамгаалалт үгүй бол тэндээ тэсч үлдэхэд хэцүү байдаг биз ээ.


Тийм ч учраас тэртээ 30 гаруй жилийн өмнө зөвхөн Маргарет Тэтчерт оноож өгсөн “төмөр хатагтай” хэмээх хочийг улстөрч бүсгүйчүүдэд бүгдэд нь нийтлэг маягаар зүүх гээд байдаг болж. Гэвч энэ хоч оносон нэгэн байхад нэрнийхээ энд хүрэхгүй нэгэн ч байх. Харин 2001-2009 оны үед АНУ-ын гадаад бодлогыг барьж явсан Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс бол яг л “төмөр хатагтай” байхаар хүн дээ. Одоо бараг 60 шүргэх гэж яваа ч гэр бүлийн амьдрал зохиож амжаагүй түүний хувийн амьдрал цаанаа асар том нууц агуулсан далд ертөнц шиг. Гэвч түүний Пирс Морганы ток шоунд өгсөн ярилцлагаас харвал насан туршдаа хайр сэтгэлээ хайж явсан эгэл жирийн л эмэгтэй мэт. Түүний CNN телевизийн “Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Хатагтай Райс, эрх мэдэлтэй байх нь сайхан уу, аль эсвэл эрх мэдлээс буусан энэ үе тань амар тайван байна уу?

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хэмээх хүндтэй албанд ажиллах боломж олдсон нь нэр төрийн хэрэг. Энэ алба надад олон сайхан боломж олгосон. Гэхдээ профессор байх нь надад илүү сайхан байна. Би өнгөрсөн жилээс эхлэн Стэнфордын профессороор ажиллаж байна. Магадгүй 30 жил энэ хэвээр ажиллах байх аа.

-Бяцхан Кондолиза Райсын Цагаан ордны өмнө зогсч байгаа зургийг харж байсан юм байна. Хонгорхон Кондолиза. Таны нэр италиар хонгор гэсэн утгатай юм билээ тийм үү?

-Тийм шүү, италиар кондолиза гэж хонгорхон гэсэн утгатай үг л дээ.

-Тэгэхээр хонгорхон Кондолиза тийм багаасаа Цагаан ордонд орохыг мөрөөддөг байсан хэрэг үү?

-Тэр үед би төгөлдөр хуурч болохыг л мөрөөддөг хүүхэд байлаа. Хэрвээ Цагаан ордонд орохыг хүссэн байлаа гэхэд тэнд төрийн ажлаар биш харин төгөлдөр хуур тоглоно гэж л мөрөөдөж байсан байх.

-Төрийн нарийн бичгийн дарга байх үед тань Иракийн дайнаас эхлээд олон хүнд асуудал тулгарч байсан биз ээ.Тэр үед “Зүгээр л төгөлдөр хуураа тоглох минь яалаа” гэж бодсон удаатай бий юу?

-Хэзээ ч тэгж бодож байгаагүй. Тэр хүнд жилүүдэд ч би төгөлдөр хуураа тоглосоор л байсан.

-Таны дурсамж номыг уншиж байхад эцэг эх тань амьдралын хамгийн чухал хүмүүс байжээ гэдгийг олж харсан. Тэднийхээ тухай ярихгүй юу?

-Номоо бичихийн өмнө юунаас эхлэхээ маш удаан бодсон. Тэгээд намайг хүн болгосон ээж ааваасаа эхлэх ёстой юм байна гэдэг бодол төрсөн л дөө. Эцэг эх маань эгэл жирийн л хүмүүс. Ээж маань дунд сургуулийн багш, аав харин ахлах сургуульд зөвлөхөөр ажилладаг байлаа. Аав маань спорт, түүх, улстөрд маш сонирхолтой. Тэр сургуулийнхаа хөлбөмбөгийн дасгалжуулагч нь байсан.

-Та хөлбөмбөгийн галзуу фанат шүү дээ. Аав тань нөлөөлсөн байх нь?

-Тийм шүү. Гэхдээ миний сонирхдог нь америк хөлбөмбөг. Нөгөөхийг нь би ердөө ойлгодоггүй юм.

-Эцэг эхийн тань танд өгсөн хамгийн чухал зүйл юу вэ?

-Эцэг эх маань сурган хүмүүжүүлэгчид байсан болоод тэр үү боловсролыг их чухалчилдаг байсан юм. Манай гэр бүл яг л цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалж байгаа юм шиг их сургуулиудын хотхоныг очиж үздэг байлаа. Бүр 200 километрийн зайтай Охайо руу зөвхөн их сургуулийг нь үзэхээр явж байсан удаатай. 

-Эцэг эх тань таныг тэгж сайн бэлтгэсэн хэрнээ төрийн өндөр алба хашихыг тань харж чадаагүй нь харамсалтай?

-Аав маань намайг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллахаас өмнөхөн 2000 онд өөд болсон. Ээж маань бүр эрт 1985 онд намайг Стэнфордын профессор болохоос өмнө нас барсан даа. Тэд маань намайг улс төртэй амьдралаа холбоно гэж төсөөлөөгүй байсан байх.

-Ээжийн тань тухай дурсамж таны номны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг байсан?

-Ээж маань эмэгтэй хүн ямар байх ёстой тэр бүхнийг агуулсан маш сайхан бүсгүй байсан. Харамсалтай нь, хөхний хорт хавдраар их эрт нас барсан даа. Намайг 15-тай байхад анх хөхний хорт хавдартай гэж оношлогдоод мэс засал хийж аврагдаж байсан юм. Тэр үед хорт хавдрын эмчилгээ хөгжөөгүй, шууд л хөхийг нь авчихдаг байсан шүү дээ. Ээж минь тэр хүнд өвчнөөс айж эмээж байгаагаа ярьдаггүй, хэзээ ч бидэнд гомдоллодоггүй, зоригтой эмэгтэй байсан. Гэвч 15 жилийн дараа тэр өвчин сэдэрч, ээжийг минь авч явсан. Гэхдээ 15 биш 30 хүртлээ ээжтэйгээ байсандаа би бурханд талархдаг.

-Та эцэг эхдээ их амь байжээ?

-Сайн эцэг эхийг олж төрнө гэдэг том аз. Тийм аз тохиогоогүй хүүхэд энэ дэлхий дээр олон байна шүү дээ.

-Та үргэлж ийм номын, ажил хэрэгч байсан уу. Өөрийгөө сахилгагүй бяцхан охин гэж төсөөлж байгаагүй юу?

-Би бусадтай л адил жирийн л нэг охин байсан.

-Тэр жирийн л нэг охин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болсон шүү дээ.

-Гэхдээ АНУ-ын хувьд энэ тийм ч гайхалтай зүйл биш шүү дээ. Үүнээс ч гайхалтай сайхан түүх намтартай хүн манай улсад бий.

-Таныг Цагаан ордонд ажилласан найман жилийн хугацаанд ганц ч удаа өвчлөөгүй, хамрын ханиад ч хүрч байгаагүй гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм шүү, үнэн.

-Хамрын шуухинаа хүртэл үү?

-Тийм ээ. Өөртөө маш сайн анхаарал тавьсны ач.

-Яаж тэр вэ? Та энэ тухай ном бичвэл маш сайн борлогдоно доо.

-Дасгал сайн хийх хэрэгтэй. Өөртөө анхаарал тавь. Энд бас ганцаараа амьдрахын давуу тал байна. /инээв/ Бусдаас халдвар авахгүй.

-Та ер нь хатуу идээ амсдаг уу?

-Хааяа тохиолдлоор л.

-Яаж тань шиг ийм өндөр хариуцлагатай байж сурах вэ?

-Төрийн хариуцлагатай ажил хийж байгаа хүн үргэлж бэлэн байх ёстой. Хяналтаа алдаж болохгүй. Шөнийн гурван цагт ч дуудлага ирэх үе гарна шүү дээ.

-Кондолиза Райс АНУ-ын төрд чухал, эрэлттэй хүмүүсийн нэг. Гэтэл яагаад одоо хүртэл гэр бүлтэй болдоггүй билээ?

-Би уг нь бусад охидын л нэгэн адил сайхан залуутай гэрлэнэ гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ амьдрал гэдэг хийсвэр мөрөөдлөөс өөр шүү дээ. ªөрийн хүсч байгаа хүнийг олж гэрлэх хэцүү. Үнэнийг хэлэхэд, амьдралаа хамт туулах хүнийг би олж чадаагүй. Гэхдээ  хэн мэдлээ. Хэзээ нэгэн цагт олох ч юм билүү.

-Одоо ч найдвар тасраагүй гэж үү?

-Яагаад найдвар тасарна гэж.

-Та тэгвэл мөрөөдлийн ханхүүтэйгээ хуримаа хийнэ гэж мөрөөдсөн хэвээр байх нь?

-Үгүй, үгүй. Тэгж үлгэрийн хурим мөрөөддөг нас ард хоцорсон.

-Та романтик хүн үү?

-Мэдээж тийм. Би романтик хөгжим, êèíîíä дуртай.

-Та хөлбөмбөгт дуртай романтик хүн, дээр нь бас өндөр цалинтай. Эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй. Гэтэл яагаад нөхөртэй болдоггүй нь гайхалтай юм. Эсвэл та ойлголцоход тийм хэцүү ааштай хүн үү?

-Үгүй ээ. Харин ч би ойлголцоход амар хүн. Би зүгээр л мөрөөдлийн эр хүнээ олоогүй байхгүй юу.

-Ингэхэд та 4:30-д босдог хэвээрээ юу?

-Вашингтонд байхад тэгж босдог байсан. Дасгалаа хийгээд, 6:30 гэхэд ажлынхаа ширээнд суухын тулд. Харин одоо арай жаахан хожуу 5:15-д босдог болсон.

-Долоо хоногийн өдөр бүр ингэж босдог хэрэг үү?

-Үгүй ээ. Ням гаригт бол 6:00 хүртэл унтахыг зөвшөөрдөг. /инээв/ 

-Та яаж ингэж эрт босч сурсан юм бэ?

-Би багадаа уран гулгалтаар хичээллэдэг байсан юм. Уран гулгагчид өглөөний таван цагт л мөсөн талбайдаа гардаг шүү дээ. Тэр үеэс л ийм дадалтай болсон доо.

-Танд одоо хийхийг хүсч буй зүйл юу байна. Эргээд төрийн өндөр албанд очихыг хүсч байна уу?

-Хэрвээ хүсвэл чадна.

-Нээрээ юу. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Үгүй дээ. Сонгуульд өрсөлдөхгүй.

-Яагаад? Та залуу байна шүү дээ.

-Улс төр хэцүү учраас Ерөнхийлөгч болохгүй гэж байгаа юм биш. Энэ зүгээр л миний хийх ажил биш.

-Таны амьдралын хамгийн сайхан мөч юу вэ?

-Алдарт морин хийлч Йо Йо Матай хамт тоглоõ боломж олдсон тэр үе.

-Тийм гэж үү?

-Би багадаа агуу төгөлдөр хуурч болно гэж мөрөөддөг байлаа. Гэвч коллежийн хоёрдугаар курст байхдаа тийм ч сайн төгөлдөр хуурч биш гэдгээ мэдээд мэргэжлээ сольж, олон улсын улс төрийг сонгосон. Энэ ч маш зөв шийдвэр болсон. Хэрвээ би Төрийн нарийн бичгийн дарга болоогүй байсан бол тэр агуу хөгжимчин надтай хамт тоглоё гэж урихгүй байсан шүү дээ.