Монголын их хаан Өгөдэй

Ассасинуудын толгойлогч Уулын өвгөн хэмээх нэрээр Дундад Ази дахь лалын шашинтнуудыг бүхэлд нь хянадаг байлаа. Лалын улсуудын хаадыг шатрын хүү шиг хольж, сольж, зарим тохиолдолд хөнөөж, устгаж байсан түүнийг дорно зүгээс монголчууд айлгах боллоо.


Тэрээр 1238 онд Европ руу элч явуулж, Монголчуудын эсрэг цэргийн эвсэл байгуулахыг хүсчээ. Ромын пап IV Иннокентий түүний саналыг хүлээн авсангүй. Гэвч ердөө долоон жилийн дараа “Ертөнц дахины их хуралдаан” зарлаж, дорнын дайчдаас хэрхэн сэргийлэх талаар хэлэлцжээ. Түүхийн бүхий л хугацаанд дайсагнаж, үгүйдээ л бие бизнээ хүлээн зөвшөөрөх туйлын дургүй лал, христийн ертөнцийг цэргийн эвсэл байгуулах санал гаргатал, Загалмайтны дайнаас үүдэн хоорондоо таарамжгүй болсон Европ тивийн удсуудыг “Ертөнц дахины их хуралдаан” зарлах хүртэл хэмжээнд хүргэсэн хүч юунд оршиж байв аа.

Өгөдэй их хаан ор суусан нь


Тэмүжин Тоорил хантай тулалдах үеэр Өгөдэй 15 настай байжээ. Дарийн утаа үнэртэж, анхны тулаанд орж хүзүүндээ шархдсан Өгөдэйг тулааны талбараас Борохул жанжин аварчээ. Монголын нууц товчоонд өгүүлсэнээр Борохул Боорчийг морин дээгүүрээ сундалж, түүний хүзүүнээс гарсан цусыг шимж явсаар иржээ. Ирээдүйн Чингис хаан дунд хүүг аварсан Борохулд ихэд баярласан тухай тэмдэглэсэн байдаг. Ердөө гурван жилийн дараа хүчирхэг Мэргэд аймгийг буулгах аян дайнд Өгөдэй цэрэг, дайны авьяастайгаа харуулж чаджээ.
Чингис хаан амьд ахуйдаа өөрийн таван хөвүүдээс хэнийг нь хаан орд суулгах тухай асууж, Өгөөдэйг сонгосон байдаг. 1227 онд Их хаан тэнгэрт одсоноос хойш хоёр жилийн хугацаанд түүний бага хөвүүн Тулуй төрийн хэргийг мэдэж байлаа. Тэр эцэг хааны гал голомтыг сахиж, эзэнт гүрний 120 мянган шилмэл цэргээс 100 мянгыг нь мэдэлдээ авчээ. Хэдийгээр хааны эрх мэдэл отгон хүү Тулуйд байсан ч тэр эцгийн гэрээсийг биелүүлж 1229 онд Их хуралдайг хуруулан Өгөөдэйг хаан сууринд залсан юм. Хоёрдугаар далай хаан Өгөдэй “Эцэг хааны байгуулсан улсыг бүү зовооё. Хөлийг нь хөсөр гарыг нь газар тавиулж жаргуулья. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг нь үл зовоохыг эрхэм болгоцгооё” хэмээн тангараглажээ.
Түүхийн бүхий л тэмдэглэл, ардын аман ярианд Өгөөдэй хааныг ухаалаг, зарчимч, өрөвч зөөлөн, аядуу тайван хүн байсан тухай дурьдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард олонд ихээхэн ачлалтай байсан гэдэг. Хаан өөрийн сангаас ихээхэн өглөг тарааж, “Зуун хонь бүрээс нэжгээд хонь гаргаж улсын дотор буй үгээгүй ядууст өг” гэсэн зарлиг гаргаж байжээ. Нэгэн ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа ээмгийг өгүүлсэн тухай баримт ч байдаг. Хэдийгээр бөө мөргөлийн шүтлэгтэй байсан ч бурхны шашин болон христ лалын шашинд ихээхэн хүндэтгэлтай ханддаг байв. Эзэнт гүрний нийслэл болон бусад хотуудад лал, христийн сүм хаяа дэрлэн оршиж, бумбын болон буддын лам нар зэрэгцэн сууж ном хаялцаж байжээ.
Өгөдэй хаан уургын улааг халж, улсын өртөө байгуулах их ажлыг эхлүүлэв. Хаан “Элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл учруулж байна. Одоо бид байнга журам болгож, зүг зүг мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж, элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхиулахгүй, гагцүү өртөө замаар явах болгоё” хэмээн зарлигджээ. Түүний байгуулсан энэхүү өртөө улааг шуудан холбооны үндсийг тавьсан хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.

Өгөдэй хааны өмнө зүгт хийсэн аян дайн


Хэдийгээр эзэнт гүрний дотоодод нөхцөл байдал амар амгалан байсан ч хилийн гадна тийм байсангүй. Зүрчидүүд хааны гучин элчийг хөнөөжээ. Хорезмын хаан Жалел Ад Дин Ирак Хойд Сири, Гүржийн гутаг руу уулгалан довтолж байлаа. Өгөдэй хаан зарлиг гарган Чурмаган жанжинаар удирдуулсан цэргийн багийг арабыг тохинуулахаар явууллаа. Өмнөд Сүн, Гүрёо улсад асаж буй дайны гал, Унгар, Кавказад гарсан бослого, Зүрчидийн дайсагнал энэ бүхнийг зогсоож байж хаан эцгийн гэрээсийг биелүүлж дэлхийн дайдыг хөл хөсөр болгох байв.
Энэ мэт мориндоо мордох шалтгаан хангалттай байсан учир Өгөдэй хааны зарлигаар 1231 онд Их хуралдай зарлав. Энэхүү хуралдайгаар цэрэг улстөрийн олон шийдвэр гаргасны нэг нь Чингэс хааны эзлэж дуусаагүй Алтан улсын дайлах явдал байлаа. Монголын хэд хэдэн хаан, зонхилогчийг хөнөсөн эртний өст, хүчирхэг Алтан улстай дайтах гэдэг амаргүй байв. Өгөөдэй хаан Алтан улсыг ганцаардуулахын тулд Өмнөд Сүн улстай харилцаа тогтоов. Гэвч холбоотон Сүн улс Өгөдэй хааны цэргийг өөрийн улсаар нэвтрүүлэх хүсэлтийг хүлээн аваагүйгээр барахгүй тэрхүү хүсэлт тавьж очсон элчийг хөнөөв. Ихэд уурссан Өгөдэй хаан Сүн улсын хилээр хүч хэрэглэн нэвтрэхийг тушаасан байдаг. Тулуй ноён Сычуань мужийн олон хотыг эзлэсний дараа л тус мужийн эрх баригчид өрсдийн нутгаар их хааны цэргийг дайран өнгөрөхийг зөвшөөрчээ. 1233 онд Сүн улс жинхэнэ утгаараа Монголчуудын холбоотон болжээ. 1234 онд Алтан улсын хаан Айцзун өөрийн сүүлчийн эзэмшил болох Цайжчоу хотыг эзлэн авахад тэрээр амиа хорложээ. Өгэдэй хаан Чжэнчжоу, Цайчжоу хотуудын заагаас урагш Хэнань мужийг Сүн улсад өгөөд цэргээ татан буцсан юм. Урьд нь Монголын цэрэг Нанжин хотыг өмнүүр нь ороон бүслэх зам гаргах, цэргийн хүнс бэлдэхийн эрхээр Сүн улсын нутагт гүн цөмөрч байсан боловч эзэлж авсан тэр нутгаа бас Сүн улсад өгчээ. Гэтэл Сүн улсын эрх баригчид Монголын цэрэг Сүн улсын хил залгаа нутгаас ухран гарсан хийгээд тэр хязгаарт Монголын засаглал бэхжиж амжаагүй байдлыг ашиглан урьд Алтан улсад алдсан зүүн нийслэл Кайфинь, баруун нийслэл Лоян, өмнөд нийслэл Шунтянь хотуудаа Монголын захиргаанаас байлдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь Хэнань мужийг бүхлээр нь авах төдийгүй Монголын захиргаанд орсон Шаньси мужийг бас авахад хүргэх хэрэг байв. Лицзун хаан 1234 оны 7-р сард 60000 цэргийг Нанжин хотын зүг хөдөлгөжээ. Сүн улсын жанжид болох Чжао Куй, Чан Зюй Цай нарын цэрэг Нанжин хотыг эзлээд цэргээсээ хоёр хэсгийг гаргаж, Ян И, Сюй Минь Цзинь нарт захируулж, Лоян болон Тунгуаны зүг хөдөлгөсөн байна. Ийнхүү Их Монгол улсын хил хязгаарт Сүн улсын цэрэг орж ирсэн мэдээг аваад Монголын цэрэг буцах замаасаа гэдрэг эргэж, Сүн улсын цэргийн эсрэг тулалдаж эхэлжээ. Ян И жанжны цэрэг Лоян хотод цөмрөн ороод байх үед нь Монголын цэрэг хүрч очиж дайлаад Сүн улсын цэргийг Лошуй голд шахан бут ниргэхэд олон хүн нь живж үхжээ.1232 онд Гүрьё улсыг дараа оны хавар Гүюгийн цэрэг Их Цзинь улсыг мөхөөснөөр өмнө зүг Сүн улсаас өөр дайсангүй боллоо.


1235 онд Өгөдэй хаан дахин Их хуралдайг хуралдуулав. Эзэнт гүрний өнцөг булан бүрээс цугласан ноёд дээдэс Монголын элчийг хөнөөсөн Кипчак болон Оросуудаас өс авах, Булгарт Монгол цэргийг ар хударгаас нь довтолсон явдлын буруутанг яллах шийдвэр гаргав. Элчийг хөнөөх, итгэл эвдэх гэдэг нь монголчуудын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй доромжлол байв. Их хуралдайгаас баруун зүг дайлах хэргийг Зүчийн удмынханд даатгав. Зүчийн хоёрдугаар хүү Батыг цэргийн жанжнаар томилж, Чингис хааны дөрвөн хошуучийн нэг Сүбэдэйг зөвлөхөөр томилов. Сүбэдэй баатар худалдаачдаар дамжуулан Европын бүхий л хотууд, тэр тусмаа Ромын папын дэргэд өөрийн тагнуулын сүлжээг бий болгосон байлаа. Бат хаантай хамт алтан ургийн 12 хан хүү өсийг тайлж, мөнх тэнгэрийн хүчийг дэлхийн дайдад таниулахаар боллоо. Их хуралдайгаас гарсан өөр нэг чухал шийдвэр нь урван тэрсэлсэн Сүн улсыг дарах явдал байлаа. Өгөдэй хааны хөвгүүд болох Хүдэн, Хүчү, Бэлгүдэй ноёны хөвүүн Бухагүн нар энэ үйлсэд зүтгэх боллоо. Гурван замаар өмнө зүг давших Тахай жанжин, Томудай жанжин, Цагаан ноён нар тэдэнд зөвлөхөөр болов. Сүн улсыг дарахад монголчууд багагүй хугацааг зарцуулсан юм. Энэ нь европ руу цэргийн бүхий л хүчээ оруулсантай холбоотой. Удаан хугацаанд дайтсаны эцэст 1938 онд Сүн улс монголчуудад бууж өгсөн юм.

Эзэнт гүрний баруун зүг хийсэн аян дайн


Бат хаан, Сүбэдэйн Европ руу хийсэн аян Дэлхийн дайны түүхэнд хэдэн арван жил судлах цэргийн урлагийн түүх болон үлджээ. 50 мянгаас ихгүй цэрэг Дорнод Европыг хөндлөн гулд туулав. Булгар цохигдож, Гүржийн хаан дагаар оров. Оросын ванлигуудын нэгдсэн эвсэл ээлж дарааллан нурлаа. 1939 онд Киев хот эзлэгдэн, Дорнод Европыг эзлэх түшиц газар боллоо. Мажар, Куманы холбоотнууд сөхөрч, Байдар жанжны удирдсан цөөн цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан армийг бутцохив. Баруун зүг дайлсан энэхүү аяныг Европчууд “цахилгаан дайн” хэмээн нэрлэсэн байдаг. Герман, Франц, Испанид монолчуудын эхлүүлсэн дайны галд хөл алдаж, Европ даяар Бат хааны цэргийг хар тахалтай адилтгаж байлаа. Энэ тухай түүхийн хуудсанд “Нормандын загасчид айдаст автан далайдаа гарч чадахгүйгээс болж Скандиновын хойгт өлсгөлөн нүүрэллээ” хэмээсэн байдаг. Ромын паптай Европын эрх мэдлийн төлөө мөчөөрхөгч, Германы Придрих II хаан Бат хааны шувуу маллагчийг ч хийгээд амьд үлдээхийг хүссэн байдаг. Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгаар дайтаж. Бат хааны өөр нэг баг цэрэг Австрийн Вена хотод тулсан байлаа.
1241 онд Өгөдэй хаан тэнгэрт халив. Бат хаан Их хуралдайд дуудагдсан тул Дунай мөрний эрэгт Европын өөрийн ноёдоо хуралдуулж эх нутаг руугаа буцах эсэхээ ярилцжээ. Зөвөлгөөнд оролцогчид зургаан жилийн өмнө Хархорумд хуралдсан Их хуралдайгаас гарсан зорилт биелсэн, Өгөдэй хааны зарлигийг гүйцэлдүүлсэн хэмээн үзэж нутаг буцах боллоо. Ийнхүү Монголын Эзэнт гүрний хоёр дахь их хаан хальсанаар Европ дахин монголчуудаас түр амсхийжээ. Гэвч Өгөдэйн ууган хөвүүн Гүюг хаан эцгийн үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. Ватиканы номын санд хадгалагдаж буй Ромын папд бичсэн захидалд ”…Наран ургах зүгээс наран шингэх хүртэлх эл улсыг хураан тогтоох хүчийг мөнх тэнгэрээс бидэнд өгсөн билээ. Тэнгэрийн зарлигийг хэн хүн дагахгүй байж чаднам уу. Чи өөрийн биеэр тэргүүлэн аливаа загалмайн суртахууны эзэд, вангуудыг нэгийг ч үлдээлгүй миний төрд дагуулан ирвэл зохино. Бид үнэнч, шударга эсэргүүцэлгүй дагагсдыг энэрэн өршөөдөг. Харин эсэргүүцэгчдийг хатуу цээрлүүлдэг. Чамд мэдэгдэх гэсэн зүйл энэ юм. Энэ ёсоор үл гүйцэтгэвэл чиний хувь заяа юу болохыг хэн мэдэх аж. Гагцхүү дээд тэнгэр мэднэ” гэжээ.