
Тэрээр бяцхан жаалхүү байхдаа ээжтэйгээ хамт Глинкийн “Иван Сусанин” дуурийг үзсэнээр хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлажээ. Глинк бол Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай зохиолч нь байсан юм. Тэрээр найм хүрсэн жилээ төгөлдөр хуур сайн тоглодог болсон бол 14 настайдаа “Манай ээж Петербургт” гэдэг жижигхэн аяз зохиожээ. Гэвч яг тэр жил ээж нь түүний орхин оджээ. Их зохиолчийн ээж хожим нь өөрийнх нь амийг авсан гэдэг булчин задрах өвчнөөр нас баржээ.
Хамгаас хайрт эхийнх нь үхэл П.И.Чайковскийд асан хүнд цохилт болжээ. Түүнийг 10 настайд гэрээс нь хол сургуульд сургахаар авчрахад ээжээсээ холдохгүй гэхдээ дагаж уйлан бөөн шуугиан болж байсан гэдэг. Ээждээ тийм дотно байсан эмзэг жаалхүү хамгийн хайртай хүнээ алдсаны дараа ээждээ зориулан вальс хөгжим бичсэн байдаг. Яг энэ үеэс тэрээр хөгжимд бүр илүү татагдан оржээ. Гэхдээ тэрээр нас биед хүрч, жинхэнэ хүсэл мөрөөдлөө ойлгож, шийдвэр гаргах насанд хүртлээ хөгжмийг амьдралынхаа хамгийн чухал зүйлээр сонгоогүй л байсан юм.
Тэрээр сургуулиа төгсөөд хууль зүйн яамны түшмэл болжээ. Гэвч төрийн албаны нэгэн хэвийн уйтгарт ажил түүний амьдрал биш гэдгийг 21 насандаа ухаарч ойлгон, хөгжмийн зохиолч болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Гэхдээ түүний эргэн тойрны хүмүүс энэ шийдвэрт нь эргэлзэж байлаа. Учир нь, бүхий л үеийн суут хөгжмийн зохиолчид бүр бага наснаасаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг атал 20 гарсан идэр залуу насандаа П.И.Чайковский энэ урлагт хөл тавина гэдэг хэтэрхий хожимдсон мэт санагдаж байжээ. Гэсэн ч тэрээр зорилгодоо үнэнч үлдэж, хөгжмийн дээд сургуульд элсчээ. Энэ хооронд тэр сургалтын төлбөрөө төлөх гэж ядуурч гүйцсэн гэдэг. Энэ сургуульд А.Рубинштейн түүний мэргэжлийн багш нь байжээ. Чайковский маш сайн оюутан байсан учир тэр үеэс хөгжмийнхөн дундаа танигдаж эхэлсэн байна. Түүний анхны бие даасан уран бүтээл нь Островскийн зохиолын цомнолд бичсэн удирдтгал байв. Үүнийг тэрээр А.Рубинштэйн багшийнхаа удирдлага дор бичжээ. Сургуулиа төгсөх үед тэрээр өөрийн гэсэн хэдэн ч бүтээлтэй болж амжсан ч тэдгээр нь түүний авьяасыг нийтэд таниулах хэмжээнд арай хүрээгүй юм. Ямартай ч, сургуулиа амжилттай төгссөний дараа Москвагийн хөгжмийн дээд сургуульд урилгаар багшилдаг болжээ. Тэрээр энэ сургуулийн захирал, А.Рубинштейний ах Николай Рубинштейнтэй дотно нөхөрлөсөн нь хожим түүнийг бүтээлүүдийг нийтийн өмнө тоглогдоход их тус болжээ. Ингээд залуу хөгжмийн зохиолчийн бүтээлүүд Москва, Петербургт тоглогдож, Чайковский хэмээх нэр олонд танигдаж эхэлсэн юм. Үүнээс хойш “Хунт нуур”, “Нэгдүгээр концерт” гээд П.И.Чайковскийн сор бүтээлүүд ар араасаа төрөн гарсан ч амьдралынхаа сүүлчийн дөрвөн жилд тэрээр асар ихийг амжуулах гэсэн мэт маш олон гайхамшигтай бүтээлүүдээ туурвисан байдаг. Тухайлбал, Нойрсож буй гоо бүсгүй, Шелкунчик балет, Гилбэрийн хатан, Иолантаа дуурь гээд түүний суу авьяасыг батлах гайхамшигт бүтээлүүд энэ л үед төрөн гарчээ. Энэ дундаас хөгжмийн зохиолчийн туурвисан хамгийн агуу хөгжим гэгддэг VI симфонийг тэрээр амьдралынхаа сүүлчийн жилд туурвисан юм.
Уран бүтээлээр оргилж байсан их хөгжмийн зохиолчийн амьдрал 1893 оны аравдугаар сард харамсалтайгаар төгссөн юм. Түүнийг түүхий ус ууснаас болж холерын халдвар авсан гэлцдэг.