Залуу Манлайлагч Эмэгтэйчүүд чууллаа

Залуу Манлайлагч эмэгтэйчүүдийн чуулганд 21 аймаг 9 дүүргийн салбар салбарын төлөөлөл болсон манлайлагч 100 орчим эмэгтэйчүүд оролцлоо.

Чуулганаа зорин хамгийн холоос Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, олон улсын байгууллага болон хувиараа бизнес эрхэлдэг салбар салбарын манлайлагч бүсгүйчүүд чуулганд идэвхтэй оролцлоо.

Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн чуулгандСангийн яамны дэд сайдХ. Булгантуяа Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо,Жендэрийн үндэсний шинжээчЖ.Занаа "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангах нөлөөл”,Залуучуудын хөгжлийн "Полиси” төвийн захиралБ.Цэвэлмаа "Залуу эмэгтэйчүүд нийгмийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх туршлага арга зүй”,lhamourбрендийн үүсгэн байгуулагчД. Хулан -"Бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо”,Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгчГ. Оюун "Их монгол төрийн ирээдүйн тулах багана”,Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын зохицуулагчБ.Оюундарь Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх боломжзэрэг сэдвээр илтгэл тавьж, өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Илтгэгч нарын илтгэлээс голлох санааг нь товчлон хүргэе.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй

"Эмэгтэйчүүд бид маш эерэг хүмүүс байдаг. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр Монгол Улс хөгжинө гэж байхгүй. Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ эрхийнхээ асуудлаар харьцангуй гайгүй байдаг ч, бидэнд манлайллаа нэмэгдүүлэхэд бас л их ажил байна. эмэгтэйчүүд бидэнд нийгэмд ажиллах, амьдрах боломжийг нээж өгөөчээ гэдгийг л хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүддээ би өөртөө итгэлтэй бай, өөрчлөлтөөс бүү ай, сониуч зангаа хэзээ ч битгий алдаарай, бусдаас үргэлж суралцдаг байгаасай, өөрийнхөө одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Дэлхийг өөрчилж чадна гэж итгэсэн хүн л өөрчилж чаддаг” гэдгийг илтгэлдээ онцолсон юм.

Lhamourбрэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан: Хүн өөрийгөө олно гэдэг хамгийн чухал

"Би 3 жилийн өмнө өөрийн бизнесээ эхлүүлж байсан. Гэрээсээ буюу ариун цэврийн өрөөнөөсөө эхэлсэн. 11 сарын байдлаар 26000 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байгаа. Одоогийн байдлаар долоон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна. Би өдөр болгон өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Таван зүйлийг л та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Хүн өөрийгөө олох нь хамгийн чухал, үнэ цэнээ мэдрэх, энгийн зүйлийг ч тууштай хийвэл агуу байдаг, хайрцагнаас гадуур сэтгэх, тууштай байх хэрэгтэй юм байна лээ гэдгийг та нартайгаа хуваалцахыг хүссэн юм”.

Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г. Оюун: Биенээ хайрла, нэгнийгээ хүндэл, бусдыгаа сонс

"Эмэгтэй хүн гэдэг зөвхөн хүйсийн ялгаатай хүн бишээ. Эмэгтэй хүн үр удмаа үлдээж, үндэс угсаагаа бүтээх биологийн үүрэгтэй. Үр удамдаа элбэрэлт эх, үүх түүхэндээ өрлөг эх, өв соёлдоо оюунт эх байх эрхэм үүргээр тодорхойлогдоно. Монгол эмэгтэйн хатан ухаан, хатан зориг, хатан тэвчээр нь эрхэм нандин чанар мөн. Энэхүү эрхэм чанарыг Монгол эмэгтэй бүр өөрийн итгэл үнэмшил, үйлс зоригоо болгож, эрхэмлэн дээдэлвээс өрх гэр маань өнөд жаргалтай, айл гэр маань ашид жаргалтай, улс гэр маань мөнхөд жаргалтай байж Их Монгол төр амар амгаланг олно”. Гэдгийг онцлон илтгэлдээ дурьдсан юм.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг

"Хүн угаас заяамал эрхтэй байдаг. Хүн төрөхдөө л өөрийн салшгүй эрхтэй төрдөг. Нийгмийн үйлчилгээ нь ялгаатай хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой байдаг. Тэгж байж хүний эрх, оролцоо хангагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй дээр нь эмэгтэй байх нь нийгмийн давхар алагчлалд өртдөг. Өрөвдөж, хайрласан хандлага хөгжлийн бэрхшээлийг улам нэмэгдүүлж байдаг. Эрх тэгш хандлага маш чухал”.


Жэндерийн үндэсний шинжээч Ж.Занаа, МЗХ-ны Залуучуудын Хөгжлийн "Полиси” төвийн захирал Б.Цэвэлмаа нар " Хэрхэн манлайллаа нэмэгдүүлэх, нийгэмд шийдвэр гаргах төвшинд оролцоогоо нэмэгдүүлэх” сэдвээр илтгэл тавьж, багийн сургалтуудыг явуулсан юм. Мөн чуулганы танхимд чөлөөт уран бүтээлч Х.Ариунзаяагийн "Нүдээ Нээ: Нүцгэн Үнэн” уран бүтээлийн үзэсгэлэнгээсээ толилууллаа.

Чуулганы үр дүнд салбар салбарын төлөөллүүд нэгдэн залуу эмэгтэйчүүдийг дэмжих,тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэхзорилгоор "Залуу эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг байгуулсан юм. Тус төв нь МЗХ-ны 21 аймгийн залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр залуу эмэгтэйчүүдэд хүрч ажиллах юм.