Элсэн цөлд сүндэрлэсэн ногоон хот Масдар

Арабын элсэн цөлд ногоон хот сүндэрлэнэ гэхээр таны толгойд бууж байна уу. Мэдээж, энэ санаа дийлэнх хүний толгойд тэр элсэн цөлийнх нь зэрэглээ шиг л бууж биз ээ. Гэвч энэ бол хоосон зүүд зэрэглээ төдий зүйл биш, бодит үйл хэрэг болон Абу Даби хотын хажууханд бэлхнээ босч байна.


Дэлхий дахинаа үлгэр жишээ болохуйц ногоон хотыг хамгийн түрүүнд босгох их зорилго өвөртөлсөн арабчууд эко хот барих ажлынхаа эхний үе шатыг аль хэдийнэ дуусгажээ.


Юуны өмнө арабчуудын барих гээд байгаа хот юугаараа ногоон болоод байгааг тайлбарлая. Энэ хот цахилгааны хэрэглээгээ бүхэлдээ нарны энерги болон бусад сэргээгдэх эрчим хүчээр хангаж, агаарт ямар ч нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй. Мөн байгальд хор хөнөөлтэй хог хаягдал гаргахгүй, бүгдийг нь дахин боловсруулна.

Ундны усаа ч ашиглаж болох хүртэл нь хэд дахин цэвэршүүлэх бөгөөд хамгийн эцэст нь хөрсөө усалж, хогоо боловсруулаад хөрсний бордоо болгох гэх мэтээр бүхий л үйлдэл нь экологид ээлтэй байх ёстой. Хамгийн товчоор хэлбэл, зөвхөн байгальд халгүй технологийг л энэ хотод ашиглах юм.


“Carbon-Zero” буюу “нүүрсхүчлийн хийгүй” хэмээн товчоор тодорхойлж байгаа Масдар нэртэй энэ хот Абу Дабигаас 17 километрийн зайд, олон улсын нисэх буудлынх нь хажууд босч байна. Оршин суугчид нь жолооч шаардахгүй, өөрөөсөө мэдрэгчтэй цахилгаан машинаар явж, хотын гаднах асар том салхин сэнсээр хотыг бүхэлд нь сэрүүцүүлнэ гээд алс холын мэт санагдах технологийн дэвшлийг өдөр тутмын амьдрал болгох Масдар хотын архитектурыг Их Британийн зохион бүтээгч Норман Фостер гаргажээ.


Хааш хаашаа зургаан километр л үргэлжлэх энэ авсаархан хотод 45-50 мянган хүн оршин сууж, өдөртөө 60 мянган хүн Абу Дабигаас ирж очиж байхаар тооцоолжээ. Хот ерөнхийдөө зургаан том барилга, нэг гудамж, 101 орон сууцны барилга, асар том цахилгаан номын сан болон Масдарын Институтээс бүтнэ. Хотын хамгийн чухал хэсэг болсон Масдарын институтыг Массачусетсын технологийн их сургуулийн хотхоны загвараар барих бөгөөд 160 гаруй оюутан, 40 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж, ирээдүйн дэвшилтэт техник технологийг туршиж, хөгжүүлдэг эрдэм шинжилгээний томоохон лаборатори болох юм.


Масдарыг бүрэн ашиглалтад орсны дараа бизнесийн 1500 гаруй байгууллага үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах бөгөөд бүгд л хүрээлэн буй орчинд хоргүй технологиор үйлдвэрлэсэн, байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд байх ажээ.


Масдарын нэг гайхамшиг бол нийтийн тээвэр. Агаарыг хамгийн ихээр бохирдуулагч автомашины утаа, байгалийн нөөцийг сорж буй түлш шатахуунаас татгалзахын тулд Масдар байгальд хоргүй машин бүтээжээ. Хотыг ганцхан гудамжтай байхаар төлөвлөсөн нь ч үүнтэй холбоотой. Хот дотор автомашинаар явахыг бүрэн хориглох учир хүмүүсийг тээвэрлэх PRT /хувийн хурдан транзит/ хэмээх нийтийн тээврийн систем бүтээжээ. Энэ систем нь Уолт Дисней мэтийн томоохон парк дотор үйлчилдэг бага оврын цахилгаан машинтай тун төстэй, гэхдээ хэлбэрийн хувьд. Харин ажиллах зарчмын хувьд троллейбустай адил цахилгаан дамжуулагч утас, соронзоор нэгэн удирдлагад холбогдогдоно. Дөрвөн хүний суудалтай энэ машин жолооч шаардахгүй, удирдлагатай учраас. Бас мэдрэгчтэй. Замд байгаа саадыг өөрөө мэдэрч, зорчигч буух болоход өөрөө зогсч, бүхий л үйлдлээ өөрөө гүйцэтгэнэ.


Масдарын цахилгааны хэрэглээг хотын гадна барих 40-60 мегаваттын нарны эрчим хүчний үүсгүүрээс бүрэн хангана. Түүнчлэн барилга бүрийн дээвэр дээр нарны эрчим хүч хуримтлуулагч суулгах юм байна. Мөн хотын гадна байрлах асар том салхин сэнсээр хотыг бүхэлд нь сэрүүцүүлэх учир байшин болгонд нэмэлт агааржуулагч суулгах шаардлагагүй болох ажээ.


Харин хүн амын амин чухал хэрэгцээ болсон ундны усны тухайд ижил хэмжээтэй хотуудаас 60 хувиар бага ус ашиглах зорилго тавиад байна. Өндөр технологийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжөөр нийт хэрэглэсэн усныхаа 80 хувийг цэвэршүүлээд дахин ашиглаж, дахин цэвэршүүлэх гэх мэтээр чанарын шаардлага хангахгүй болтол нь хэдэн ч удаа боловсруулж болох гэнэ.


Масдар хот биологийн хог хаягдлаа боловсруулж хөрсний бордоо болгох бол бусад хог хаягдлаа органик нэгдэлтэй хольж боловсруулан дулаан гаргах юмуу эрчим хүч гаргахад ашиглах ажээ.
Масдар экологид ээлтэй ногоон хот болох зорилгоо хэр сайн биелүүлж буйг хянах Тефлон гэдэг цамхаг хоттой хамт ашиглалтад орно. Энэ цамхаг хотын барилга байшин, машин бүрт суулгасан чипээрээ дамжуулан хэр хэмжээний цахилгаан ашиглаж байгааг тооцож, дүгнэлт гаргаж байх ажээ. Мөн ус, цахилгаанаа хэмнэхийн тулд хөргөгчний гэрэл нь автоматаар унтарч, шүршүүрийн ус нь өөрөө зогсдог байх технологийг ч нэвтрүүлэх юм байна.


Энэ мэт зөгнөлт кинонд л гармаар технологийн дэвшлийг харуулсан гайхалтай зүйлс Масдар хотод олон бий. Хэрэв хүсвэл иймэрхүү хотыг барууны өндөр хөгжилтэй орнуудын аль нь ч барьж чадна. Гэвч Абу Даби тэднээс өрссөн нь хар алтны экспортоос хэдэн зуун саяараа цутган орж байдаг мөнгө төгрөгөө үрж ядсан хэрэг хараахан биш ээ. Байгалийн баялаг гэдэг нөөц хязгаартай. Хэзээ нэгэн цагт гэж хэлэхээс бүр наана хэдэн арван жилийн дараа л өнөө мөнгөний эх булаг болсон газрын тосны нөөц нь дуусна. Тэр үед мөнгөнд туйлдаг зангаараа байж, модоо барихгүйн тулд Арабын ертөнц эртнээс бэлтгэлээ базааж байгаа нь энэ. Тийм ч учраас Абу Дабигийн Засгийн газар ногоон хот барих энэ төсөлд гар таталгүй, 22 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ. Гэвч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралд Абу Дабигийн баян Засгийн газар ч өртөж, Масдарыг барих ажил хэсэг саатсан юм. 2006 оноос эхэлсэн барилгын ажил 2015 он гэхэд дуусч, ногоон хотод амьдрал буцалж эхлэх ёстой байсан ч хямралын шуурганаас болж 2021 юмуу 2025 онд ашиглалтад орохоор болоод байна.