Төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын хордлогын онош халсан металын ууршилтаас үүссэн цутгуурын халууралт гэв

Энэ сарын 1-нд Эрүүл мэндийн яамны цахим хуудсанд “2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй байдал илэрч, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
Тэдний 18-ынх нь биеийн байдал дунд зэрэг, хоёр хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө” гэсэн мэдээлэл тавигдаж, тэр даруйд нь сайтууд нийтэлсэн. Гэвч мэдээллийг нь дамжуулснаасаа болж, буруу ташаа мэдээлэл тавьсан хэмээн буруутгагдсан.

Тодруулбал, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК мэдэгдэл гаргаж, үүндээ “Үйлдвэрийн олон тооны ажилтан утаа, хийнд хордсон, эрүүл мэнд, амь насанд нь аюул учирсан мэт буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгааг анхаарна уу. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн олон тооны ажилтнууд химийн бодисонд ноцтой хордсон, амь нас бие эрүүл мэндэд аюул учирсан нөхцөл үүсээгүй байгааг мэдэгдэж байна” хэмээсэн байсан юм. Угтаа бол сайтууд ЭМЯ-ны мэдээллийг л дамжуулсан төдий.

Харин энэ мэдээллийн маргааш нь буюу энэ сарын 2-нд тус аймгийн Онцгой байдлын газраас болсон хэрэг явдалтай холбоотой мэдээлэл нийтэлжээ. Үүндээ “2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цаг 30 минутад Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн цувимал үйлдвэрлэх цехийн ажилчид Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд хордлогын шинжтэй ирээд эмчилгээ хийлгэж байна гэсэн мэдээллийн дагуу Аймгийн Онцгой байдлын газрын дарга холбогдох мэргэжилтнүүд газар дээр нь очиж цагийн байдалтай танилцсан. Эрүүл мэндийн яамны хордлогын ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор профессор С.Юндэн “Нийт өвчлөгсдийн биеийн байдал сайжирсан амь насанд аюулгүй, шаардлагатай эмчилгээнүүд хийгдэж байгаа, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байсан хэдий ч өнөөдрийн байдлаар тогтмолжсон, бусад хүний биеийн байдал дунд, тогтворжсон байдалтай байгаа бөгөөд цаашид сөрөг нөлөө байхгүй” гэсэн мэдээлэл өгсөн” гэж нийтэлжээ.

Гэвч анхаарал татахуйц нэгэн дүрстэй мэдээллийг маргааш нь буюу энэ сарын 3-нд тус аймгийн Онцгой байдлын газрын цахим хуудаснаа нийтэлсэн байх юм.
Өгсөн мэдээллийг нь тоймлон хүргэвэл “2017 оны арваннэгдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ээлжийн ажилчдын ажиллаж байсан орчинд утаа ихтэй байсан учир ажилчдын толгой өвдөх, ханиалгах, гэдсээр базлах, суулгах шинж тэмдгүүд бий болсон. Үүний улмаас Эрүүл мэндийн яамны ажлын баг томилогдож ирээд ажиллаж байна. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн хамт олны хүчээр дээрх хүмүүст эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Оношийн хувьд халсан металын ууршилтаас үүссэн цутгуурын халууралт гэж урьдчилсан байдлаар гаргаад байна. Гэхдээ энэхүү оношийг нарийн шинжилгээгээр баталгаажуулна. Ямартай ч одоогийн байдлаар хүндэвтэр, тогтвортой гэсэн үнэлгээтэй хоёр хүн, бусад нь дунд, хөнгөн гэсэн үнэлгээтэй байгаа. Мөн эдгээр хүмүүст гэдэсний суулгалт, гүйлгэлт байгаа учраас вирусний гаралтай гэдэсний халдварт өвчин ялгаран оршиж байна. Тийм учраас энэ талын оношлогоог тодруулах шаардлагатай байгаа” гэжээ.

Энэхүү мэдээллээс нь та болсон үйл явдлын цаг хугацаа зөрүүтэй байгааг нь анзаарсан л болов уу. Мөн хүндэвтэр байсан хоёр хүний биеийн байдал тогтворжсон гэх мөртлөө нэг нь хүндэвтэр үнэлгээтэй байгаа гэх. Түүгээр ч зогсохгүй 20 ажилчны тоо ЭМЯ-ны энэ сарын 2-нд өгсөн мэдээлэлд 35 болж нэмэгдэж, 25 нь аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллүүд өөрийн эрхгүй анхаарал татна. Ямартай ч энэ мэтээр өгч буй мэдээлэл нь зөрөөд байгааг хэн нэгэн эрх мэдэлтний эрх ашгийн төлөө биш гэж найдъя.