Тоглож буй бичлэгийнхээ ачаар саятан болсон 6 настай хүү

Зургаан настай хүүхдүүд тоглож, хүүхэлдэйн кино үзэж байхад үе тэнгийнх Райан саятан болоод амжжээ.
Америк хүү шинэхэн тоглоомоороо хэрхэн наадаж буй тухай бичлэгээ “youtube.com”-д байршуулаад л өнөөдөр 11 сая ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Райаныг 3 настай байхад эцэх эх нь анх тоглож буй бичлэгийг хийгээд  “youtube.com”-д “Ryan ToysReview” нэртэйгээр байршуулсан байна. Хүүгийн овог, амьдарч буй газрын тухай мэдээллийг одоогоор олон нийтэд дэлгээгүй ч “Forbes” түүнийг “youtube”-ээр хамгийн  их орлого ологсдыг жагсаалтын 8-д эрэмбэлжээ. Хүү 2016 оны 6 дугаар сарын 1-нээс 2017 оны 6 дугаар сарын нэгэн хүртэл яг нэг жилийн хугацаанд 11 сая ам.долларын орлого олсон учраас тэр. Түүний бичлэгийг дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхдүүд хэдэн цагаар үзэж, дагах болсноор “youtube”-д өөрийн гэсэн орон зайтай болгосон байна. Райан өөрийн суваггүй байхдаа л хэдэн сая үзэгчийг байлдан дагуулж, сая ам.долларын орлого олжээ.

 

“Нэг удаа хүү маань “Би яагаад бусад хүүхэд шиг YouTube-д байдаггүй юм бэ” гэж асууж билээ. Тэгээд л аав бид хоёр нь бичлэг хийж тавихаар шийдээд хүүгээ дагуулан тоглоомын дэлгүүр орсон юм. Лего галт тэрэгнээс л энэ бүхэн эхэлсэн дээ” хэмээн хүүгийн ээж ярьжээ. Райаны эцэг эхэд хүүгийнхээ бичлэгийг YouTube –д тавих өөр нэг шалтгаан байсан нь тэдний төрөл төрөгсдөөс олон хүн  АНУ-аас өөр газарт амьдардаг учраас баяр баясгалангаа ингэж хуваалцах нь амар байлаа.
“Үнэндээ ингэж бичлэг хийх нь гэр бүлээрээ хамтдаа байх нэг сайхан боломж” хэмээн Райаны эцэг ярьсан аж. Анхны бичлэгээс 4 сарын дараа гэрлийн хурдаар үзэгчийн тоо өссөн байна. Энэ нь “100+ cars toys GIANT EGG SURPRISE OPENING Disney Pixar Lightning McQueen kids video Ryan ToysReview” гэх бичлэг бөгөөд  машинууд киноны зуугаад баатрууд бүхий тоглоомтой том өндөгөө Райан үзэгч хүүхдүүдэд сонирхуулснаас эхэлжээ.

 

Ингээд л  Ryan ToysReview  суваг өдөр бүр үзэгчээр нэмэгдсээр байлаа. 2016 оны нэгдүгээр сард 1 сая үзэгчтэй болов. Жилийн дараа 5 сая, өнөөдөр 10 саяд хүрсэн аж.Үнэндээ Райаны алдрын зам тун энгийн. Тэр хүүхэд бүрийн мөрөөддөг тоглоомуудаар тоглох тэр хүслээ л биелүүлж буй жаал юм. 2016 оны дөрөвүгээр сарын 13-нд оруулсан түүний бичлэг хамгийн алдартай нь. Учир нь тэрбум гаруй үзэгч энэ бичлэгийг үзжээ.

 

Райаны гэр дүүрэн тоглоом байдаг мэт санагдаж болох ч хүүгийн нэг өрөөнд л хайртай тоглоомуудыг нь эцэг эх нь хураадаг гэнэ. Харин ихэнх тоглоомыг нь найз нөхөддөө бэлэглэж бас хандив тусламжинд өгдөг байна. 
“Ryan ToysReview” суваг нь өнөөдөр энэ гэр бүлийн бизнес нь болсон бөгөөд эцэг эх нь хийж байсан ажлаа бүрмөсөн орхин видео бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн гэнэ.

 

“Бид өдөр бүр шинэ бичлэг тавьж байгаа. Үнэндээ өдөр бүр бичлэг хийгээд байх боломжгүй л дээ. Хүүгээ ч бодсон бид аль болох чөлөөтэй, завтай цагийг нь ашиглаж, амралтын өдрүүдэд нэлээн хэдэн бичлэг хийж базаадаг. Би дунд сургуульд химийн багш, нөхөр маань барилгын инженер хийж байсан юм. Гэвч өнөөдөр бид өөрсдийн хийж байсан ажлаа орхиод үүнд хамаг анхаарлаа хандуулж байна. Үнэндээ бидэнд  YouTube дээр ажиллах ямар ч туршлага байсангүй. Бага багаар сурч л байна. Одоогоор тэр бичлэг хийлгэх дуртай байгаа.  За зураг авлаа шүү гэхээр л хүү маань их догдолдог хэвээрээ байна. Тиймээс түүнд энэ бүхэн таалагддаг дээр нь бид бичлэгээ хийхээр төлөвлөсөн. Хэрвээ өөрт нь таалагдахгүй болбол шууд л энэ ажлыг зогсооно доо” гэж түүний ээж нь ярьсан байна.