Давхар дээлний суганд хавчуулагдсан дэд сайдууд

МАН –ын Удирдах зөвлөл дэд сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж, тодрууллаа.  Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдад УИХ-ын гишүүн  асан Ё.Отгонбаяр
 
-Гадаад хэргийн дэд сайдад Г.Тэнгэр
-Зам тээврийн дэд сайдад Б.Цогтгэрэл
-Эрчим хүчний дэд сайдад Т.Гантулга
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Б.Энхбаяр 
-Сангийн дэд сайдад Х.Булгантуяа
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Х.Бадамсүрэн
-Барилга, хот байгуулалтын сайдад М.Батбаяр
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Ц.Батбаяр
-Батлан хамгаалахын дэд сайдад Т.Дуламдорж
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад С.Мөнгөнчимэг
-Хүнс, хөдөө ах ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир
-Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн нарыг дэмжихээр болсон байна.  
 
Эдгээр нэр дэвшигчдийг ард түмэн хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй доог тохуу хийх болов. 
 
Үнэндээ ч  МАН-д  дэд сайдаар ажиллах хүн эднээс өөрөөр алга гэж үү дээ гэмээр хүмүүсийн нэрийг дэвшүүлсэн байх юм. Дэд сайдын суудлыг  ард түмэн гомдогсдод зориулсан албан тушаал  гэцгээдэг. Тэгэхээр ийм өчүүхэн “амьтад” намдаа гомдож,  хаалга савж гүйгээд байсан болж таарах нь. Эсвэл эртэй чадалтай, эрдэмтэй номтойд нь намдаа өргөн барих зоос байхгүйгээс цүнх баригчдад боломж олдож буй хэрэг юм болов уу. Ихэнх нь салбартаа танигдаагүй, хэн ч мэдэхгүй, сураггүй нөхдүүд байна гэх бухимдал хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж эхэллээ. Эднээс хэд нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны босгыг давахгүй өвдөг шороодохыг одоогоор хэлж мэдэхгүй нь. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг уншигч танд хүргэе.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр
 
Энэ эрхэм  бусад дэд сайдуудыг бодвол салбартаа төдийгүй ний­гэмд танигдсан нөхөр.  Сайнаар ч, саараар ч тэр. Эхнэрийнх нь тарьсан балаг багагүй шуугиан дэгдээж зарим талаар түүний нэрийг сэвтээж орхисон болохоос бусдаар харьцангүй нэр цэвэр явсан улстөрч. Тэрбээр  өнгөрсөн дөрвөн жилд ном бичиж байгаа нэрээр өссөн, төрсөн нутаг Булганаа хэдэнтээ тойрч, УИХ-д нэр дэвших сурталчилгаагаа мөлхөө маягаар хийсэн ч нутаг нугынхныхаа дэмжлэгийг авч чадаагүй билээ. Харин Булган аймаг дахь МАН-ын дарга н.Бат-Эрдэнэ нь түүнийг чирч улстөрд дахин хөл тавиулсан нь энэ. Нэр дэвшигч Ё.Отгонбаяр нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1989 онд төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн даргаас эхэлж улмаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад  улс төр рүү хөл тавьсан байдаг.   Тэрбээр 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байсан. 
 
Хууль зүй,дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр
 
УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байгаад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба руу шилжсэн намтартай. Ер нь тэрбээр улс төрд байтугай  намдаа ч танигдаагүй нэгэн. Ямар сайндаа журмынх нь нөхдүүд ямар сургууль төгссөнийг нь ч  мэддэггүй.