Б.Тамир: Манай компанийн 900 гаруй хувьцаа эзэмшигчийн хувьцаа хөрвөх чадвартай боллоо

“Хөрөнгө оруулагч үндэстэн” компани "Жинст Увс" хувьцаат компанитай нэгдэж хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаа гаргаснаа мэдэгдэн цан цохиж арилжааг эхлүүллээ.

 

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа урвуу нэгдэл буюу “Reverse takeover” хэлцлийг амжилттай гүйцэтгэснийг албаныхан онцолж байна. Жил гаруйн өмнө байгуулагдсан тус компани Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран банк санхүүгийн салбарыг цахим хувьсгалд хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.

Ингээд “Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн гүйцэтгэх захирал Б.Тамираас зарим зүйлийг тодрууллаа.  

-Танай хоёр компанийн нэгдэлийг манай хөрөнгийн зах зээлд шинэ үзэгдэл болсон хэмээн дүгнэж байгаа. Тэгэхээр ямар ямар давуу тал бий болж байна вэ?

-Бид нэг жил гаруйн өмнө 560 хүний бүрэлдэхүүнтэйгээр  “Хөрөнгө оруулагч үндэстэн” компаниийг байгуулж иргэд банк санхүүгийн салбараар зөвхөн үйлчлүүлдэг биш түүнээс хувь эзэмшдэг болгох зорилго тавьсан.   “Хөрөнгө оруулагч үндэстэн” хаалттай хувьцаат компани өнөөдөр “Жинст Увс” нээлттэй хувьцаат компанитай “урвуу нэгдэл” хэлцэлээр  Монголын Хөрөнгийн бирж дээр гарлаа.  Энэ нь IPO биш учраас хувьцааны нийлүүлэлт байхгүй. Тэгэхээр гарч буй хувьцаанууд нь бүгд эзэнтэй гэсэн үг. Иймд манай компанийн 900 гаруй хувьцаа эзэмшигчийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр гарсанаар хөрвөх чадвартай болж байгаа юм. Манай хувьцаа эзэмшигч нар хоорондоо хувьцаагаа өгч, авч болохоос гадна бодит үнэлгээндээ хүрнэ гэсэн үг.  Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа хийж байгаа энэ  “урвуу нэгдэл” хэлцэл нь Монголын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болно гэж харж байна. Манай компани өдгөө Ард Санхүүгийн нэгдлийн 7 орчим хувийг эзэмшдэг. Компанийнхаа нэгж хувьцааны дотоод үнэлгээг хоёр жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй хувиар өсгөсөн үр дүн үзүүллээ.

-Нэгж хувьцааны үнэлгээ хэд байна. Нийт хэдэн ширхэг хувьцаа байгаа вэ?

-Хөрөнгийн бирж дээр өнөөдөр гарч байгаа нийт хувьцаа бол 1 сая 612 мянга 750 ширхэг. Нэгж хувьцааны дотоод үнэлгээ 10-р сарын эцсийн байдлаар 1600 төгрөг гэж гарсан. Өнөөдөр Хөрөнгийн биржийн арилжааны журмаар нэгдэж буй компанийнхаа хувьцааны хаалтын ханшаас эхэллээ. Ингээд нэгж хувьцааны үнэ 500 төгрөгөөс эхэлсэн юм. Тэгээд хувьцааны арилжаа эхэлсэнээс хойш одоо 595 төгрөг болоод явж байна.

-Тэгэхээр иргэдийн анх авсан хувьцааны ханшийн зөрүү гарлаа. Хувьцаа авсан иргэд хохирчих юм биш биз дээ. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?

-“Хөрөнгө оруулагч үндэстэн” компанийн нэгж хувьцааг хүмүүс анх 1000 төгрөгөөр авч байсан. Дараа нь үнэлгээ нэмэгдэж 1100, 1250 төгрөг болсон. Тэгэхээр энэ нэгдсэн компанийн хувьцааны нэрлэсэн үнэ 1054 төгрөг байгаа. Гэвч Монголын хөрөнгийн биржийн журмаар энэ ханшаас арилжаа эхлэх боломжгүй юм. Ингээд Хөрөнгийн биржийн хяналт дор бид 500-1000 төгрөг хүртэл үнийг нь өсгөнө. Үүний дараа зах зээлд хувьцааны эрэлт нийлүүлэлтээрээ үнэ ханш нь зохицуулагдаад явна. Ийм учраас хувьцаа эзэмшигч нарын эрх ашигт ямар нэг сөрөг дагвар үүсэхгүй гэж үзэж байна.