Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн Байшин үйлдвэрлэх үйлдвэрийн нээлтэд өчигдөр оролцлоо.

 

Монгол Улсын барилгын салбарт 1960-аад оны эхэн үеэс угсармал байшингийн үйлдвэрлэлийн эх суурь тавигдаж, улмаар 30 шахам жил хөгжих хугацаанд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ нь Улаанбаатар хотод  орон сууцны шинэ хорооллуудыг сүндэрлүүлэхэд  түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.

Нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр шинэ зууны шинэ хорооллууд барих төслүүдийг хэрэгжүүлэхээр салбарын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотууд, орон сууц, олон нийтийн барилга болон холбогдох дэд бүтцийг стратеги төлөвлөгөөний дагуу барихаар төлөвлөж байгаа энэ цаг үед БҮК-1 төслөөр хэрэгжүүлэх  угсармал барилгын үйлдвэрлэл ашиглалтад орж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Нээлтийн ажиллагаанд оролцогсод барилгын материалын үйлдвэрлэл, барилгын хөгжилд шинэ эрин үе нээж байгаа “Эрэл” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсэцгээсэн юм.

“Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг дэлхийн том үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж байгаа бөгөөд бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр аж. 

Угсармал Бетон Хавтангийн Үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдсан бөгөөд өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын  барилгын 80 хувийг барьж байгуулсан юм. Уг үйлдвэрийг Эрэл компани 1994 онд хувьчлан авч 2013 оноос “Чингис” бондын 14 сая ам.доллар болон өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрийг оролцуулан хамгийн сүүлийн үеийн "Германд үйлдвэрлэв" технологийг ашигладаг томоохон үйлдвэрүүдийн нэг болон шинэчлэгдэж нээлтээ хийж байгаа юм.

Эрэл БҮК-1 үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн 4 улиралд барих хүчин чадалтай юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ муу хэлүүлдэг өмч хувьчлал, муу хэлүүлдэг “Чингис” бондын хөрөнгө үр ашгаа өгч, иргэд хурдан шуурхай баригддаг, хямд ,найдвартай байранд орох боломж бүрдэж байна. Үүний үр дүнд жилд 5000 айлын янданг байхгүй болгож, тэр хэрээр утаа багасна гэдгийг онцолж байлаа.

Уг Байшин үйлдвэрлэх үйлдвэр нь барилгыг  маш богино хугацаанд барьдаг бөгөөд барилга нь хэлбэр дүрс, хэмжээ, загварын уян хатан байдал, удаан эдэлгээ, өндөр чанар, хялбар бөгөөд  хямд тээвэрлэлт ба угсралт, суурилуулалт, газар хөдлөлтийг тэсвэрлэх өндөр чадвар,задлах болон дахин барихад хялбар зэрэг онцлогтой юм.