Эрдэнэтийн төв талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгоё

Юмжаагийн Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны еренхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албыг хашихдаа сурч мэдсэнээ бүрэн дайчилж, асар их ачаалал үүрч, цаг наргүй хөдөлмөрлөн эх орон, ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулсан хүн.
 
Энэ хүн Монгол Улсын түүхэнд хамгийн эрчимтэй хөгжлийн он жилүүд болох 1940-1984 онд Монголын нам, төр, засгийг удирдсан юм.
 
Монгол орныг үйлдвэржүүлэх, эдийн засгийг өөд татах, экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот чухал үүрэг гүйцэтгэхийг гүнзгий ухамсарлан Эрдэнэтийн овооны орд газарт геологи-хайгуул явуулах, зураг төсөл гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлаас эхлээд үйлдвэр, хот байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулахад эхнээс нь анхаарч, асар их зүйл санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Ю.Цэдэнбал мөнөөс мөн.
Ю.Цэдэнбал Сайд нарын Зөвлөлийн даргын албыг хаших хугацаандаа:
 
-1972 оны долоодугаар сарын 17-нд “Эрдэнэт" үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах санал гаргах тухай захирамж,
-1972 оны долоодугвар сарын 18-нд Эрдэнэтийн зэс-молибденийн ордыг ашиглахад Монголын яамд, газар, албан байгууллагуудаас зохиох ажилд хяналт тавьж эрчимжүүлэх үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгч томилох тухай захирамж,
 
-1972 оны долоодугаар сарын 23-нд “Эрдэнэт” үйлдвэр шинэ хот байгуулах газар олгох комисс байгуулах тухай захирамж гаргасан.
-1972 оны арваннэгдүгээр сарын 1-нд СССР-ийн СнЗ-ийн дарга А.Н.Косыганд маш чухал дөрвөн асуудал хөндсөн захидал илгээлээ. 
 
Үүнд:
а/Эрдэнэтийг байгуулах талаар хэлэлцээр байгуулах.
б/”Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг 1977 онд, бүрэн хүчин чадлаар нь 1979 онд барьж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулах.
в/1971-1975 онд Эрдэнэтийг барихад 120 сая рублийн зээл олгох.
 
г/Хамтарсан үйлдвэр барихад чиглэсэн зохион байгуулалт, санхүү, техникийн асуудлыг 1973 оны нэгдүгээр сард багтаан шийдвэрлэхийг хүссэн байна.
А.Н.Косыгин Ю.Цэдэнбалд дараахь хариуг 1973 оны хоёрдугаар сарын 15-нд ирүүлсэн. Үүнд,
а/Таны захидалд дурдсан бүх асуудлыг дэмжиж байна.
 
б/”Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот барихад чухал ач холбогдолтой Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто замыг шинэчлэх, барилгын бааз барих, барилгачдад зориулсан орон сууц, соёл ахуйн объектуудыг 1973-1976 онд Зөвлөлтийн хүчээр барихыг зөвшөөрнө.
в/Эхний ээлжийн барилга, байгууламжуудыг барихад зориулан 1973-1976 онд 120 сая рубль төлөвлөж байна.
 
г/Хамтарсан үйлдвэр барихтай холбоотой техник, санхүү, худалдаа, зохион байгуулалтын асуудлаар 1973 оны гуравдугаар сард Монголын талтай зөвлөлдөхөд Зөвлөлтийн тал бэлэн байна гэсэн хариуг ирүүлжээ.
 
Энэ бүхэн шуурхай хэрэгжиж Эрдэнэтийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн  талаар хамтран ажиллах Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын 10 чухал заалттай хэлэлцээрт Ю.Цэдэнбал, И.Т.Новаков нар 1973 оны хоёрдугаар сарын 20-нд гарын үсэг зурав. Энэ хэлэлцээрүүдийн дагуу үйлдвэр, шинэ хот барих их ажлын эхлэл тавигдсан түүхтэй.
 
МАХН-ын Төв Хороо “1976 онд “Эрдэнэт” үйлдвэрт боловсон хүчин бэлтгэх тухай”, 1977 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ашиглалтын үеийн бэлтгэлийг хангах тухай”, мөн онд “Эрдэнэт” үйлдвэр болон хотын үйлдвэр, аж ахуйн газруудыг боловсон хүчнээр хангах тухай”, 1978 онд “Эрдэнэт” үйлдвэрийн талаар авах арга хэмжээний тухай”, 1978 онд Эрдэнэт хотын Намын Хорооны хүсэлтийн тухай” маш чухал тогтоолууд гаргав. 
 
Мөн Ю.Цэдэнбал Зөвлөлтийн дээд удирдлагуудтай ярилцаж ЗХУКН-ын Төв Хорооноос “БНМАУ-д барьж байгаа үйлдвэрийн барилгын явцын тухай”, “Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн хамтын ажиллагааны тухай”, “Эрдэнэт үйлдвэр, хотын барилга-байгууламжийн ажлыг эрчимжүүлэх тухай” гурван тогтоол гаргуулсан байдаг юм. 
 
Мөн “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хотын барилга байгууламжид чухал шаардлагатай олон мянган нарийн мэргэжлийн ажилчид, инженер-техникийн ажилтан, удирдах хүмүүсийн гэр бүлийг ажилтай байлгаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн хивс, хүнсний комбинат, МБАА, Сүү-ногооны чиглэлийн САА зэрэг олон том объектуудыг барьж байгуулах талаар Зөвлөлтийн талтай тохиролцон богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад Ю.Цэдэнбал дарга байнга анхаарч явцад нь хяналт тавьж, сайд дарга нарыг газар дээр нь очуулж, шалгуулж, туслуулж, эрчимжүүлэн ажиллаж байсныг монголчууд, зөвлөлт нөхөд мэдэрч, баярлан талархаж байв.
 
Ю.Цэдэнбал 1976-1978, 1983 онд Намын Төв Хорооны УТТ-ны хэсэгчилсэн бүрэлдэхүүн, Зөвлөлтийн том дарга нарын хамт Эрдэнэтэд ирж Монгол, Зөвлөлтийн барилгачид, хотын хөдөлмөрчидтэй уулзаж, ажил амьдралтай нь танилцан, хамтын хөдөлмөрийг өндөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт, бүтээл ерөөж, урамшуулж байлаа.
 
1975 оны есдүгээр сард Засгийн газрын ордны “А” зааланд НТХ, СнЗ-ийн дарга, орлогчид, НТХ-ны хэлтсийн эрхлэгчид, яамд, газар, олон нийтийн төв байгууллагын удирдлага, аймаг, хотын намын хороод, гүйцэтгэх захиргааны дарга нарыг цуглуулан, Эрдэнэт бол Монголын бүх ард түмний барилга-байгууламж шүү. Эрдэнэттэй холбоотой бүх ажил, асуудал энэ өдрөөс эхлэн зөвхөн ногоон гэрлээр тавигдах ёстой шүү. 
 
Энд хүрэлцэн ирсэн сайд, дарга нар, удирдах нөхөд Эрдэнэттэй холбоотой, ялангуяа яаралтай шийдвэрлэх асуудлаар ямар нэг дугаар хүлээлтгүй харьцаж, тухайн асуудлыг шуурхай шийдвэрлэж байх ёстой. Эрдэнэтийн нөхөд ч энэ журмыг хатуу барьж сайд, дарга нартай чөлөөтэй уулзаж асуудлаа шийдвэрлүүлж байгаарай гэсэн гуравхан өгүүлбэр Эрдэнэтийн ажлыг -шуурхай, амжилттай шийдвэрлэгдэх нөхцөлийг бүрдүүлж байлаа.
 
Улс нийгмийг, аж ахуй, соёлын байгуулалтыг удирдахаас эхлэн бүхий л ажил үйлсийг хүн, ялангуяа өндөр боловсролтой, нарийн мэргэжлийн боловсон хүчин л нугалж, гүйцэтгэж байдгийг Ю.Цэдэнбал сайтар ухамсарлаж байсан учир 40 гаруй жил улс орныг удирдахдаа зорьсноо хэрэгжүүлэх олон хүчин зүйлийн дотор боловсон хүчний зөв бодлого хэрэгжүүлж, төлөвшүүлэхэд онцгой анхаарч байлаа.
 
Эрдэнэтэд нарийн мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтан, удирдах боловсон хүчнийг яаж бэлтгэж, зөв байршуулан ашиглаж байгаа асуудлаар НТХ-нд хоёр удаа бичгээр, гурван удаа амаар шуурхай мэдэаллийг Эрдэнэтийн Намын хорооноос авч, дүн шинжилгээ хийж, эргэж зөвлөн тусалж ажиллаж байсныг тодхон санаж байна.
 
Эрдэнэтийн улс төр, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг бүхнээс илүү харж, шаардлагатай боловсон хүчнээр хангаж байлаа. Тухайлбал, НТХ-ноос Ж.Банзрагчийг намын хорооны даргаар, Хөнгөн, хүнсний яамнаас С.Цэвээнийг Гүйцэтгэх захиргааны даргаар, СнЗ-ийн Ш.Дэлгэрцогтыг Хотын захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар, МҮЭ-ийн хэлтсийн дарга Л.Жамьянг Хотын үйлдвэрчний зөвлөлийн даргаар, МХЗЭ-ийн Төв Хорооны Д.Пүрэвдоржийг хотын ХЗЭ-ийн хорооны даргаар, Дорнод аймгийн Намын хорооны II дарга Т.Шагдарыг хотын АХШК-ын даргаар, УБТЗ-ын орлогч дарга Д.Лхагвасүрэнг Уулын үйлдвэрийн орлогчоор гэх зэргээр шууд томилон ирүүлж байв.
 
Ингэж 1-3 дээд сургууль төгссөн, ажлын арвин баялаг туршлагатай, юм үзэж, нүд тайлсан бэлэн ажилтнуудыг томилон ирүүлж байсан нь цоо шинэ үйлдвэр, хотыг барьж байгуулах, боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлж төлөвшүүлэх, зөвлөлт нөхөдтэй ойртон нягтрах, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сайн нөлөө үзүүлж байлаа.
 
Ж.Банзрагч, С.Цэвээн нарыг 1975 оны хоёрдугаар сарын 22-нд анх Эрдэнэтэд очиход 60 гаруй Монгол-Зөвлөлтийн барилгачин, барилгын цэргийн дайчдын хэсэг ирсэн байлаа. Үүнээс 3-4 сарын дотор НТХ, СнЗ, яамд, газар, олон нийтийн төв байгууллагуудын томилолт, илгээлт, аймаг, хотуудын чөлөөт элсэлтээр ирэгсдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж, тэднийг хүлээн авч байршуулах, үйлчилгээ хангамжийг нь зохион байгуулах их ажлыг Булганы харьяанд байсан хороо захиргаа, нам, олон нийтийн анхан шатны байгууллагууд шийдвэрлэж чадахгүйд хүрсэн билээ. 
 
Энэ бодит байдлыг бид зөвлөлт нөхөд, Булганы удирдлагуудтай зөвлөлдөж Эрдэнэт хороог улсын харьяалалтай хот болгох саналыг НТХ, СнЗ-д тавьсан юм. Бидний саналыг дээд газрууд шуурхай дэмжиж. 1975 оны арванхоёрдугаар сарын 3-нд НТХ-ны УТТ-ны тогтоол, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг 1975 оны арванхоёрдугаар сарын 28-нд гарч Эрдэнэт хороог өргөтгөн Эрдэнэт хотыг байгуулж байлаа. Энэ шийдвэрийг Зөвлөлтийн тал талархан хүлээн авч, баярласнаа НТХ, СнЗ-д илэрхийлж, Эрдэнэтийн ажил үйлс ч урьд урьдынхаас ихээхэн идэвхжиж, шуурхай боллоо. Энэ нь бас л Ю.Цэдэнбалын Эрдэнэт, эрдэнэтчүүдэд тавьж байсан том анхаарал халамжийн тодорхой илрэл байсан юм.
 
Ю.Цэдэнбалын зүгээс тавьсан зорилт, зүтгэл, анхаарал халамж хэрэгжиж, Эрдэнэт бүх ард түмний ажил үйл болон хэрэгжиж, “XX зууны манлай бүтээн бaйryyлалт-aap тодорч, нэр хүнд, алдар гавьяа нь Монголд төдийгүй, дэлхий дахинд цуурайтаж байгаа нь бидний бахархал мөн.
 
Эрдэнэт хотыг сүндэрлүүлэхэд оруулсан том хувь нэмрийг нь тэмдэглэж Эрдэнэтийн гудамж талбай, уулын үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгоно гэдэгт бүрэн найдаж байна. Аливаа улс орон эмх цэгцтэй, хатуу чанга төр засагт, нарийн чанд хууль цаазтай, ард түмнээ гэсэн цохилох зүрхтэй удирдлагуудтай баймааж нь улс орон маань хөлжиж, ард олон амгалан тайван орших болно. Ю.Цэдэнбал шиг ард түмэндээ үнэлэгдсэн, хайрлагдсан лидер удирдагч манайд олон төрөх болтугай.
 
Ж.Банзрагч
Эрдэнэт хотын Намын хорооны анхны дарга, 
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан