"Зорчиж явсан автобус нь шатсан Монгол иргэд Хятадад яахаа мэдэхгүй хүлээж байна"

Наймдугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарсан билээ. 

Тухайн автобусанд зорчиж яваад ачаа бараа, пасспортоо шатаасан 37 Монгол хүн байгаа юм.

Тэдний нэг болох зорчигч Б-тэй утсаар холбогдож мэдээлэл авлаа. Тэрбээр "Нийт 37 хүний 16 нь Бээжинд зочид буудалд байрлаж байна. Үлдсэн 21 хүн нь Эрээнд байгаа гэсэн. 

Бээжинд байгаа хүмүүсийн 8 нь пасспорт, бүх бичиг баримтаа шатаасан. Мөн бүх хүмүүс ачаа, бараа, мөнгө төгрөгөө шатаасан.  Бидний нөхцөл байдал хэцүү байна. Буудалд байрлаж байгаа хүмүүсийн зарим нь автобуснаас хөл нүцгэн, наад захын хэрэглээний зүйлсгүй буусанучир яахаа мэдэхгүй сууцгааж байна. 

Гол нь амралтын өдрүүд таарсан учраас даатгалын компани нь амарч байгаа гэх шалтгаанаар автобусны компаниас бидэнд мэдээлэл өгөхгүй хэд хонууллаа. 

Хохирогчид сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байгаа. Мөн бидэн дунд нэг жирэмсэн хүн, хэд хэдэн настай хүн бий. Энд байгаа хүмүүст өдөрт 100 юань өгч байгаагийн 50-ыг нь зочид буудалд зарцуулж байна.

Автобус шатсанаас 24 цагийн дараа Монголын консулаас нэг хүн ирж уулзсан. Гэсэн хэдий ч одоогоор юу ч тодорхой бус, бид яахаа мэдэхгүй хүлээж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Харин ГХЯ-ны зүгээс дөрвөн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 1-ний өдөр "Цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна" хэмээн мэдээлэл өгч байсан юм.