УИХ-ын 2 гишүүн хамаарал бүхий этгээдийн оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг зарснаа мэдүүлжээ

Оффшортой холбоотойгоор АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм.

Оффшор бүсэд данс, компани эзэмшдэг, бүртгэлтэй бол түүнийгээ мэдэгдэж, мэдээлэх хуульд заасан хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хууль үйлчилж эхэлснээс хойш Засгийн газар 2 удаа тогтоол гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хугацаа сунгагдсан байна.

Хуулийн дагуу УИХ-ын 2 гишүүн, Монгол банкны 1 албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.

УИХ-ын 1 гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн.

Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна.

2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс АТГ төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил болгоно. ХАСХОМ-ийн программд хийсэн шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орж байна. Үүнээс үүдэж 2016 оны мэдээллийг хожуу мэдээлсэн. Цаашдаа газар хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтнүүд, мэргэжилтнүүд гээд ХАСХОМ гаргаж буй бүхий л албан тушаалтны мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил зарлана. Ингэснээр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогод иргэд хяналт тавих боломж бүрдэнэ гэж АТГ мэдээллээ.