Т.Пүрэвдалай: “Хөөндий”, “Оuzel” брэндүүдээ 50 хувийн хямдралтай худалдаална

Монгол хүмүүсийн гутал худалдаж авахдаа хамгийн эхэнд болоод хамгийн ихээр асуудаг асуулт нь “Чийг татах уу? гэдэг. Харин манай гуталнуудын хамгийн давуу тал нь “Чийг татдаггүй” гэж “Хорол коллекшн” компанийн залуус онцлон хэллээ. “Хөөндий” нэрийн адууны арьсан гутал, хүүхдийн цүнх, “Ouzel” нэрийн үхрийн ширэн гутал үйлдвэрлэгчид Монголын зах зээлд дахин үндэсний онцлог бүхий шинэ загвар гаргахаар ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 15-наас “Хөөндий”, “Ouzel” брэндийн өвөл, хавар, зун намар, хөдөлмөр хамгааллын гутал, хүүхдийн цүнхээ 50 хувийн хямдралтай үнээр борлуулах юм байна. Монгол орны эрс тэс уур амьсгал, монгол хүний биеийн онцлогт нийцүүлэн үндэсний түүхий эд дээр тулгуурлан бүтээж хөгжиж яваа “Хорол коллекшн” ХХК-ийн зохион бүтээгч Т.Пүрэвдалайтай ярилцлаа.

-“Хөөндий”, “Ouzel” брэндийн гутал цүнх дотоодын зах зээлд маш сайн танигдсан. Бүтээгдхүүнүүдийнхээ талаарх ерөнхий мэдээлэл өгөөч?

– “Хорол коллекшн” 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд адууны арьсан “Хөөндий” өвлийн гутал, Япон стандартаас санаа авч монгол хүүхдийн онцлогт тохируулан бүтээсэн сурагчийн цүнх, “Ouzel” үхрийн арьсан гутал гэсэн гурван брэндийг бий болгон ажиллаж байна. Манай гуталнууд бүх улиралд бүх насныхан өмсөхөөр бүтээгддэг. Сурагчийн цүнх маань бага, дунд ангийнханд зориулагдсан стандарттай. Мэдээж хэрэг үндэсний үйлдвэрлэгчид бүгд л монгол үндэсний хэв шинж бүхий чанартай бүтээгдэхүүн бий болгохоор зорин ажиллаж яваа. Бид ч адилхан. Нэмж хэлэхэд манай бүх гутал хэрэглэгчдийн хүсэлт шаардлага, хэрэгцээ манай ажилтнуудын судалгаан дээр тулгуурлаж “төрдөг”. Мөн бид анхнаасаа үнийн тогтвортой бодлого барьж ирсэн. Цаашдаа бид монгол онцлогт тохирсон, дээд зэргийн чанартай, насжилт сайтай бүх төрлийн гутлыг бүтээнэ.

– “Хөөндий” адууны арьсан гутал Монголын өвлийн улиралд тохирсон хамгийн сайн брэнд гэдэг. Энд олон үзүүлэлт, онцлог байгаа байх?

-Цаа бугын арьсан гуталны технологийн дагуу хийсэн. Адууны арьс, шагайнаас доош хонины нэхий, дотор тал нь эсгий үүнийгээ цэмбээр бүрсэн, эсгий-шир-эсгий-шир гэсэн дөрвөн давхар ултай тэгээд манай цаг агаарт тэсвэртэй захиалгаар хийлгэсэн резин ултай. Манай гутлын онцлог нь 80-90 хувь нь дотоодын түүхий эдээс бүтдэг. Дулаан, чийг татахгүй, эрүүл мэндэд тохиромжтой, насжилт сайтай гутал. Энэ жилээс бид “Хөөндий” брэндээ паспорттой болгосон. Гутал бүр хэрэглээ, эдэлгээ, цэвэрлэгээ, хадгалах горим, худалдан авалттай холбоотой бүх мэдээллийг агуулсан паспорттой.

-“Ouzel”-ийн тухайд?

-Хавар, намар, зуны бүх төрлийн үхрийн ширэн “Ouzel” нь улирлаасаа шалтгаалаад арьс болон хөвөн даавуун дотортой, салдаг арьсан улавчтай, онцлог бүрдээ тохирсон захиалгын резин ултай. Ямар ч дээд зэргийн сайн арьсаар хийсэн гутал байлаа ч хүний хөл хөлөрдөг. Цэвэр арьсан салдаг улавч тэр чийгийг өөртөө шингээдэг онцлогтой. Мөн л насжилт сайтай.

-Хүүхдийн цүнхний хувьд…?

-Сурагчийн цүнхэнд тавигдах хамгийн гол шаардлага стандарт бол хүүхдийн нуруунд өгч байгаа ачаалал юм. “Хөөндий” сурагчийн цүнх монгол хүүхдийн биеийн өсөлт, хөгжил, манай сурах бичгийн жин зэргээс шалтгаалан судалж гаргасан стандарттай. Ачааллыг хүүхдийн нураанд тэнцүү хувиарлах нь сурагчийн цүнхний гол үзүүлэлт юм. Дээрээс нь маш бат бөх чанартай, нэг цүнхийг хүүхэд бага ангиа төгсөтлөө эдлэх бүрэн боломжтой.

-Та бүтээгдэхүүн бүр дээрээ насжилт сайн гэж тодотгож байна. Тэгэхээр эдэлгээнээс биш хэрэглээнээс шалтгаалсан асуудал үүсдэг үү?

– Тийм ээ. Манай аль ч барааг тухайн хүн зохистой хэрэглэвэл хэдэн жилдээ асуудал гарахааргүй чанартай. Гэтэл хэрэглэгчидийн амьдралын хэв маяг дадал зуршилтай холбоотой реплексүүд байна. Хөлөө ачиж суух, байнга машин жолоодох, хүүхдүүд маань л гэхэд цүнхэн дээрээ суугаад гулгах ч гэдэг юмуу. Тийм учраас манайх үйлдвэр дээрээ засвар үйлчилгээтэй. Хэрэглэгчийн өөрийн шалтгаалсан засварыг үнэ төлбөртэй хийнэ. Үйлдвэрээс шалтгаалсан асууудал бараг байдаггүй. Мэдээж хэрэг байх юм бол бид бүрэн хариуцана.

-Амжилттай эхлүүлсэн ажил бүхэн дэвшилттэйгээр цааш үргэлжилдэг. Та бүхэн одоо юунд анхаарлаа хандуулж байна вэ?

– Эргономикийн шинжлэх ухааны үндсэн нэг үзүүлэлт нь хүний биеийн хэмжээ харьцааг судалж техникт ашиглах боломж байдаг. Тэгэхээр бид яг одоо эргономикт суурилсан судалгаан дээр үндэслэсэн шинэ загварууд гаргахаар ажиллаж байна. Хамгийн эхэнд спорт загвар гарна. Мөн Хөөндий загварынхаа улыг шинэчилж байгаа. Хэрэглэгчдэд зузаан тусмаа дулаан гэсэн бодол байдаг. Гэтэл зузаан харагдахгүйгээр мөн дулаан чанар нь хэвээр байхаар шийдэл байна. Тэгэхээр цаашдаа Хөөндий брэнд маань Европ стандарт бүхий нимгэн ултай болно. Харагдах байдал нь ийм ч дотор талд нь дулаан чанарыг хэвээр шийдэж өгнө.

-Өнөөдрөөс эхлээд бүх бараандаа 50 хувийн хямдрал зарлана гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-“Хөөндий” нэрийн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гутал, “Ouzel” нэрийн хавар намар зуны эрэгтэй эмэгтэй гутал, “Хөөндий” сурагчийн цүнх, хөдөлмөр хамгааллын гуталны нэг загвар тус бүр 50 хувь хямдарч байгаа. Энэ бол манай компанийн зүгээс чанарыг эрхэмлэдэг, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, үр хүүхэд гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, ая тухад хамгаас илүү анхаардаг хэрэглэгч нартаа зориулж буй бэлэг юм.

-Ярилцсанд баярлалаа.