“ЗИ”-г хэн залгамжлах вэ?

2012 оны сонгуулиар АН ялсан. Цөөн тооны саналын зөрүүгээр засаг барих болсон АН засаг байгуулсан.

Тэд засгийн газраа өөрсдөө унагааж “шинэчлэл”, “шийдэл” гэх тодотголтой хоёр ч засгийн нүүрийг үзсэн. Сонгуулийн дөрвөн жилийн циклд сөрөг хүчинтэй ч эвсэж үзлээ. Ингэж явсаар дараагийн сонгууль хаяанд тулж, сонгуулийн тоглолтдоо анхаарах болов. Тэд “Тавантолгой”-н хувьцааг ард түмэнд тарааж, Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчирлаа гэсэн ч санасан шиг үр дүнд хүргэсэнгүй.  2012 оны сонгуулиар 31 суудал авч байсан АН, ердөө 9 суудалтай үлдэв. УИХ-ын сонгуулиар угсраа шанаа хүртсэн АН-ынхан одоо даргалах хүнээ хайж буй. АН-ынханд тохиолдсон зовлон, болж буй процесс гэвэл ердөө л энэ. Тэд даргалах хүнээ хайж байгаа. Дотоодод нь аль хэдийн дайн эхэлчихсэн.

Хотын экс дарга Б.Бат-Үүл

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хотод засагласан нэгэн. Автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, автомашиныг дугаарын ялгамжтайгаар хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийг кондукторгүй болгож, “Найрсаг Улаанбаатар”-ыг санаачилж, Даншиг наадмыг сэргээсэн. Нийслэлийн ардчилсан намыг толгойлж байсан тэрээр өнгөрөгч сонгуулиар төсөөлөөгүй ялагдлаа амссан. Өөрийнх нь тодорхойлсоор “улстөрийн цунами”. Ардчилсан намын дараагийн удирдагч гэж зарим нэг нь харж байгаа. Өнгөрсөн сонгуулийн ялагдлыг гагцхүү намын дотоод бүтэц, удирдлагатай холбож буй түүнийг ээлжит сенсаци отож эхлэв.
            Ардчилсан хувьсгалын загалмайлсан эцэг гэгдэх С.Зоригийн хэрэгт түүнийг сэжигтнээр татаж байгааг олон нийтэд мэдэгдэв. Хэргийн газарт түүний мартсан гэх өнөөх малгай түүнийг дахин хэрэгт татаж байгаа нь энэ. Хэдийгээр тэр энэ хэрэг улстөрийн захиалга гэж мэдэгдэж байгаа ч, олон нийт түүнийг одоо сэрдэж байгаа. Нийслэлийн ардчилсан намыг толгойлж, чамлахааргүй амжилт дагуулсан Б.Бат-Үүлийн ардчилсан нам дахь ирээдүй асуултын тэмдэг хэвээр үлдлээ.

МҮДН-ын дарцаг Д.Эрдэнэбат

МҮДН фракцийн хүчтэй гишүүн гэгдэх Д.Эрдэнэбат АН-ын даргын суудалд хүчтэй яригдаж буй. Ард түмнээс өгсөн хүчтэй шанаанаас тэсч үлдэн, төрийн ордондоо үлдсэн хүн бол тэр. Н.Алтанхуягийг намаа толгойлж байх үед генсекээр нь ажиллаж байсан туршлагатай нэгэн. Намын удирдлагын аппартад олон жил ажилласан гэдгээрээ бусад горилогчдоос ялгарч болох. Одоо яригдаж буй хүмүүсээс хүчтэй байгаа нь тэр ч гэсэн намын хуучин гишүүд, идэвхтэн дэмжигчид түүнийг АН-ын рейтингийг өсгөж, олон нийтийн дэмжлэгийг эргүүлнэ гэдэгт эргэлзэж байгаа. Нөгөө талаас нь харвал МҮДН бол АН-д үүрэг, чадамжийн хувьд нөгөө бүлэглэлүүдээс харьцангуй бага. Эргэлзээ, тээнэгэлзээ их байгаа ч удирдагчийн суудалд хүчтэй өрсөлдөж байгаа хүн нь тэр.

“Нэг ардчилал”-ын Лу.Гантөмөр

Ардчилсан намаас өсч дэвжиж буй залуу лидерийн нэг бол Лу.Гантөмөр. Улстөрийн байр суурь, үзэл бодол, ажиллах арга барилаараа намынхан дундаа ялгагдана. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Боловсролын яамыг толгойлж, монгол улсын хөгжлийн гарц бол боловролын салбараа хөгжүүлэх явдал гэж тодорхойлсон нэгэн. Ардчилсан намд үзэл бодлоороо нэгдсэн ганцхан бүлэглэл гэж тодорхойлогдоод буй “Нэг ардчилал”-аас намын даргын суудалд яригдаж байгаа түүнийг сайнаар ч, саараар ч дүгнэх хүн бишгүйдээ бий. Сайнаар нь дүгнэвэл залуусын төлөөллийг авчирч, олон нийтийн хандлагыг эргүүлнэ гэж харж болох ч, муугаар нь дүгнэвэл эрх баригч хүчин “мүүн”-ийн нөлөөнд автана. Цэнхэр үст Цэрэн түүнийг дуэльд дуудсанаас хойш олон нийт түүнийг “мүүн”-ийн загалмайг атгаж яваа нөхөр гэж харах болсон. Намын удирдлагын суудалд хүчтэй өрсөлдөж буй түүнийг яг одоо бол олон нийтийн санаа бодлыг эргүүлж чадах уу гэдэгт АН-ын гишүүд дэмжигчид эргэлзэж байгаа. Улстөр судлаачдын дүгнэж байгаагаар намын даргын суудалд өрсөлдөгчдөөс боломж тун бага нь тэр.

Шинэ цагийн Эрдэнэ вантан

Ардчилсан намаас хамгийн их хэл, аманд өртөж, сөрөг хүчнийхний нүдэнд орсон өргөс шиг явдаг нь С.Эрдэнэ. Баянгол дүүргийг өөрийнхөө тойрог болгож, төрийн албыг төрлийн алба болгосон гэж шүүмжлүүлдэг тэрээр АН-аас төрийн ордонд үлдсэн цөөхөн гишүүдийн нэг. Эрх мэдэл болоод санхүүгийн хувьд АН-ын бусад гишүүдийн алийг нь ч дагуулахгүй түүнийг АН-ын даргад суух магадлал бүхий улстөрчөөр нэрлэж буй. Нэг ёсондоо “Шонхор” фракцын зүтгүүлж болох хүн нь тэр. АН-ын гишүүд дэмжигчдийн тухайд түүнийг намын даргын суудалд тохирохгүй, хэрвээ дарга боллоо гэхэд АН-ын дотоод зөрчилдөөн лавширч, задарна гэж харж байгаа.

Лу.Болд

Ардчилсан намын даргын сунгаанд идэвхтэй яригдаж буй гишүүдээс хэл аманд бага өртсөн нь тэр. Өөрөөр хэлбэл төрийн ордонд, намынхаа буурийг сахиж үлдсэн цөөхөн гишүүдийн төлөөлөл. Бодь групп болоод Голомт банкыг үүсгэн байгуулалцаж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэгдэх “НЬЮС” сайтын ч нууц эзэн. Боловсрол мэдлэг, намын дотоод амьдралыг мэдэх, парламентын тогоонд олон жил чанагдсан гэж дүгнэж болох ч хэтэрхий зөөлөн гэдгээрээ шүүмжлэлд өртдөг гэмтэй. Зөөлөн гэдгээр нь дүгнэвэл АН-д байнга толхилцож байдаг амбиц ихтэй фракцуудаа толгой дээрээ гаргачихаж мэдэх улстөрч. Хэрвээ намынхаа нэр хүндийг өсгөж, илүү эв нэгдэлтэй болгон, 2020 оны сонгуульд ялалт авчрахыг эрмэлзэж байгаа бол түүний арга барил хэрхэх бол.

Бусад горилогчид

Саяхан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаасаа татгалзаж, намын даргын сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарласан хүн бол П.Цагаан. Ардчилсан намын дотоод хагарал, фракцуудын амбицийг дарж, улстөрийн нэр хүндийг нь сэргээнэ гэсэн өөдрөг бөгөөд итгэлтэй амлалтыг өгөөд байгаа хүн нь тэр. Зарим нь түүнийг Ц.Элбэгдоржийн хүн гэж харж байгаа бол зарим нь намын даргын өрсөлдөөнийг хүчтэй болгох нэгэн ч гэж харж байгаа.
            Шинэчлэгдсэн нам, нэр хүндээ өсгөх эрмэлзлэл талаас нь харвал Ц.Батчимэгийн нэр дээгүүрт явж мэднэ. АН төдийгүй, монголын улстөрд хамгийн тулхтай эмэгтэй улстөрч гэгдэх түүнийг “Нэг ардчилал” фракцаас намын даргын суудалд өрсөлдөнө гэж харж байгаа.

Дээрх гишүүдээс авахуулаад Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь гээд горилогчдын цуваа дуусахгүй. Аль нь ч байсан АН-д одоо нэг л зүйл хэрэгтэй байгаа. Тэр нь эв нэгдэл, дотоод ардчилал.

С.Болор