Буурал тивийн цусгүй тулаан эхэллээ

Нэр хүндээрээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх Аваргуудын лигийн ээлжит улирал өнгөрсөн шөнө эхэллээ.

Нэр хүндээрээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх Аваргуудын лигийн ээлжит улирал өнгөрсөн шөнө эхэллээ. Өнгөрсөн шөнө эхний дөрвөн хэсгийн тоглолт болж Испанийн гигант Барселона өрсөлдөгчөө 7-0 онооны харьцаагаар бут ниргэсэн бол Германын аварга Баейрн Мюнхэнчүүд өрсөлдөгчөө 5-0-ийн харьцаагаар хожиж ээлжит ялалтаа байгуулав. Харин Францын ПСЖ болон Английн Арсенал клубууд эвийн гэрээгээр өндөрлөлөө.

А хэсгийн дөрвөн баг эвийн гэрээ байгууллаа

Аваргуудын лигийн ээлжит улиралын А хэсэгт Францын аварга ПСЖ, Болгарын аварга Лудогорец, Швейцарийн аварга Базель, Английн лигийн дэд аварга Арсенал нар багтсан. Тэгвэл өнгөрсөн шөнө энэ хэсгээс гарах хамгийн их магадлалтай ПСЖ болон Арсенал клубууд хоорондоо таарч 1-1-ээр тэнцэж, эвийн гэрээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхний гоол ердөө нэг дэх минутанд ПСЖ багийн Эдинсон Кавани оруулж, шүтэн бишрэгчдийнхээ цусыг хөөргөсөн юм. Эхний үед Арсеналчууд тэнцүүлэх гэж хичээсэн ч чадалгүй хоёрдугаар үеийг хүлээх хэрэгтэй болсон юм. Хоёрдугаар үе эхэлснээс хойш аль, аль багууд довтолсон ч оноо болж чадаагүй байсаар тоглолтын 78 дахь минутад Арсенал багийн, Чили довтлогч Алексис Санчез гоолдсоноор тогтлолт 1-1-ийн харьцаагаар дууссан юм.

Хэсгийн хамгийн сул гэгдэх Базел болон Лудогорец багуудын тоглолт Швейцарийн Базел хотын цэнгэлдэхэд болж мөн л 1-1-ийн харьцаагаар өндөрлөсөн юм. Тоглолтын хамгийн эхний гоолыг нэгдүгээр үеийн төгсгөлд зочин багийн Бразил довтологч Жонатан Кафу оруулж, эздийг хүнд байдалд оруулав. Харин хоёрдугаар үеийн төгсгөлийн 79 дэх минутад эзэн багаас жигүүрийн довтлогч Ренато Стеффен гоолдож тэнцлээ. Тоглолтын үлдсэн минутад аль, аль багууд харилцан довтлолцож байсан ч гоол оролгүйгээр тэнцээгээр өндөрлөсөн юм. Ингэснээр тус хэсгийн дөрвөн баг адилхан 1 оноотой боллоо.

Италийн Наполи клуб B хэсгийг тэргүүлж байна

B хэсэгт таарсан Украйны аварга Динамо Киев, Италийн дэд аварга Наполи клубын тоглолт 2-0-ийн харьцаагаар зочин баг Наполигийн давамгайллаар өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 26 дахь минутад хагас хамгаалагч Денис Гармаш оруулав. Эхний гоол оруулж, цэнгэлдэхийн дуу улам нэмэгдэж байхад, ердөө 10 минутын дараа зочин багийн Польш довтлогч Аркадиуш Милик оруулснаар тоглолтыг тэнцүүлсэн юм. Энэ гоолоос ердөө 6 минутын дараа эхний гоолын эзэн Милик дахин гоолдсоноор зочин баг тэргүүлж эхэллээ. Тоглолтын хоёрдугаар үед Наполи клуб дахин хэд, хэдэн гоол оруулах боломж гарсан ч ашиглаж чадалгүй байсаар эхний үед орсон гурван гоолоор өндөрлөсөн юм.

Тус хэсгийн нөгөө тоглолт болох Туркийн аварга Бешикташ, Португалийн аварга Бенфика клубын тоглолт Португалийн Лисабон хотноо боллоо. Тус тоглолтын эхний гоолыг эзэн багаас Аргентин залуу Франко Черви 12 дахь минутад оруулсан юм. Эхний гоолын дараа эзэн багийн довтолгоо идэвхжиж эхэлсэн ч төдийлөн гоол болж чадахгүй байлаа. Эхний үед зочин баг илүү хамгаалж, олдсон ганц, нэг боломжуудаа ашиглах байдлаар өрнөж байсан юм. Тоглолтын хоёрдугаар үед зочин баг тэнцүүлэх гэж хэд, хэд оролдсон ч амжилт олж чадсангүй. Зочин баг онооны харьцааг тэнцүүлэх гэж хичээж байхдаа бөмбөг алдах дөхсөн ч хаалгач хаасаар байсан юм. Туркийн аваргууд тоглолтын сүүлийн минутад тоглолтоо эрчимжүүлсэний хүчинд шүүгчийн мэдлийн цагийн 3 дахь минутад Бенфика клубээс Бешикташ клубэд энэ улиралд зээлээр тоглож буй Андерсон Талиска оруулснаар тэнцээгээр өндөрлөжээ.

С хэсгийг Ла лигийн аваргууд тэргүүлж байна

Энэ улирлын аваргуудын лигийн С хэсэгт сонгон шалгаруулалтаас амжилттай гарч ирсэн Манчестер сити болон Испанийн аварга Барселона, Шотландын лигийн босоо аварга Селтик, Германын лигийн дөрөвдүгээр байраар шалгарсан Боруссиа Мюнхенгладбах клубууд багтсан. Тэгвэл эхний тойрогт учраа таарсан Манчестер Сити болон Боруссиа Мюнхенгладбах клубын тогтлолт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон юм. Харин Барселона болон Селтик клубын тоглолт Испанийн Барселона хотод боллоо. Испанийн Ла Лигийн ээлжит тоглолтонд даруухан амжилтай Алавес багт хожигдсон Барселона клубыг энэ тоглолтонд цөөхөн бөмбөгийн зөрүүгээр хожино гэж мэргэжилтнүүд таамаглаж байваа. Тэгвэл Испанийн гигант Барселона клуб өрсөлдөгчөө 7-0-ийн харьцаагаар бут ниргэв. Тоглолтын эхний гоолыг дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионел Месси 3 дахь минутад оруулж тооны харьцааг нээлээ. Эхний гоолоос хойш эзэн багийнхан илт илүүрхэж байсан юм. Эхний гоолоос ердөө 16 минутын дараа тоглолтын 29 дэх минутад эхний гоолын эзэн Месси дахин гоолдож тооны харьцааг холдуулав. Мессигийн хоёр гоолоос өөр гоол эхний үед орсонгүй. Эхний үед Барселона клубын эсрэг Селтик клуб юу ч хийж чадсангүй. Улмаар тоглолтын хоёрдугаар үе эхэллээ. Хоёрдугаар үед ч хоёр багийн тоглолт өөрчлөгдсөнгүй. Улмаар тоглолтын 50 дахь минутад Бразилийн шилдэг хөлбөмбөгч Неймар гоолдсон бол энэ гоолоос ердөө 9-хөн минутын дараа Испани хамгаалагч Иньеста оруулснаар 4 бөмбөгний зөрүүтэй болгосон юм. Иньеста гоолын баяраа тэмдэглэж ч дуусаагүй байхад эхний хоёр гоолын эзэн Месси дахин гоолдсоноор энэ тоглолтод хет-трик толилууллаа. Таван гоол орсоны дараа Селтик клубын хамгаалалт болон хагас хамгаалалтын шугам бүхэлдээ эмх замбараагүй байдалд орж улмаар 75 болон 88 дахь минутад Уругвай довтлогч Луиз Суарез хоёр гоол оруулснаар 7-0-ийн харьцаагаар испанийн аваргуудын давамгайллаар өндөрлөсөн юм.

D хэсгийг Атлетико, Баейрн клубууд тэргүүлж эхлэв

Аваргуудын лигийн D хэсгээс Атлетико Мадрид болон Баейрн Мюнхен клубууд төвөггүй гарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Тэгвэл эхний тоглолтонд мэргэжилтнүүдийн таамаглаж байсан хоёр баг хоёулаа ялалт байгуулсан юм. Испанийн лигит гуравдугаар байр эзлэсэн Атлетик Мадрид клуб Голландын лигийн аваргуудын талбайд зочил 1-0-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Тоглолтын эхний үеийн эхний 30 минутын туршид Атлетик Мадрид клуб олон удаагийн боломж гаргасан ч гоол болгож чадсангүй. Улмаар 43 дахь минутад зочин багаас хагас хамгаалагч Сауль Ньигуез оруулж тэргүүллийг гартаа авсан юм. Энэ гоолоос хойш хоёр баг гоол оруулалгүй байсаар зочин багийн ялалтаар өндөрлөсөн байна.

Хэсгийн дараагийн тоглолт Германын лигийн босоо аварга Баейрн Мюнхен клуб ОХУ-ын лигийн дэд аварга Ростовыг талбайдаа хүлээн авав. Аваргуудын лигийн цомыг тавантаа өргөсөн шилдэг клуб Баейрнчууд өрсөлдөгчөө 5-0-ээр төвөггүй хожлоо. Тоглолтын эхний гоолыг Баейрн Мюнхений Польш довтлогч Роберт Левандовски 28 дахь минутад торгуулийн цохилтоор оруулсан бол эхний үеийн шүүгчийн мэдлийн хоёр дахь минутад Томас Мюллер оруулснаар эзэн багийн давамгайллаар эхний үе өндөрлөв. Тоглолтын хоёрдугаар үед Карло Анчелотти тактикийн өөрчлөлт хийлгүйгээр байрлалын тоглогчийг байрлалын тоглогчоор солих шийдвэр гаргасан байна. Улмаар тоглолтын 53 болон 60 дахь минутад залуу авьяастан Жошуа Киммич оруулснаар эзэн багийн ялалтыг улам баталгаажуулсан юм. Өдгөө 21 настай Ж.Киммичийг Германы ээлжит нэгэн авьяастан гэж аль хэдийнэ өргөмжлөөд амжсан. Энэ удаагийн тоглолтын эцсийн цэгийг Баейрн клубын Испани легионер Хуан Бернат тавьсанаар эзэн багийн хожлоор өндөрлөв. Энэ жилээс эхлэн Баейрн клубыг удирдаж байгаа Карло Анчелотти эхний даалгавраа ийнхүү амжилттай дуусгалаа.

Өнөө шөнө үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд нэгэн зэрэг зохион байгуулагдана.

С.Болор