Гэнэн даргын утопи хүслүүд

Хотын удирдлага шинэчлэгдээд гурван сар болоогүй байна. Одоо ч зарим агентлагуудын дарга нар томилогдоогүй байна. Энэ хугацаанд юу хийсэн бэ? 00:00 цагаас хойш баар, цэнгээний газар ажиллуулахгүй, дугаарын ялгамжтай хөдөлгөөнд оролцохыг олон нийтээр хэлэлцэх, бизнес, хөгжлийн төвийг татан буулгах, хичээлдээ ухаалаг утас хэрэглэхгүй байх шийдвэр гаргах зэрэг утопи шийдвэрүүдийг гаргаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Уг нь Улаанбаатар хот саяас илүү хүн амтай, Мега гэж тодотгох дэлхийн хотуудын нэг.

00:00 цагаас хойш томоотой бай

00:00 цаг гэхэд Улаанбаатар хот нам гүм болж, бүгд орондоо орох ёстой. Энэ бол шинэ хотын даргын утопи төсөөлөл. Орчин үеийн метрополис хот түүний төсөөллөөр ийм л байх ёстой. Уг нь бол яг эсрэгээрээ байх ёстой юм. Томоохон хотуудын амьдрал шөнө л эхэлж, энэ үед л аялал жуулчлалаараа мөнгөө босгодог. Социалист гэх тодотголтой Вьетнам улсын нийслэл Ханой хот ч энэ жишгээр явж байгаа. Баар, цэнгээний газруудад заавал уух гэж ордоггүй. Тийм ч ёс байхгүй. 00:00 цагт үйлчлэхгүй байснаараа ч ноён Су.Батболдын утопи мөрөөдөл хэрэгждэг юм биш.

Метрополис хотыг хааж боох, хяхаж хавчих, дектатурдах замаар хол явахгүй. Хэзээ ч унтдаггүй орчин үеийг, хэзээ хотод ирсэн нь мэдэгдэхгүй хүн шийдэж болохгүй. Хэдийгээр Су.Батболд хотын захирагч байж болох ч тэнд чинь сая хол давсан жирийн иргэд амьдардаг юм. Хэрвээ шийдвэр гаргах гээд байгаа бол олон нийтээс асуух хэрэгтэй. 

Сургуульдаа утас бүү барь

Технологийн дэвшил түүний хурдыг бид гүйцэхээ байжээ. Ердөө жил хүрэхгүй хугацааны дотор смарт гэх тодотголтой бүх төхөөрөмжийн технологи шинэчлэгдэж байна. Одоо бид 9 хүрэхгүй жилийн дараа жолоочгүй машинийг хаа сайгүй хардаг болох нь. Дэлхийн технологи секунд тутамд өөрчлөгдөж байх хооронд хотын дарга энэ дэвшилийг мөн хааж, хорьж зохицуулахыг хүссэн. Орчин цагтай хөл нийлүүлж байгаа хүүхдүүд түүний гол буруутан нь. Сургуулийн орчимд гарч байгаа гэмт хэрэг, сурлагийн тааруу амжилт зэргийн буруутанг смарт төхөөрөмж гэж харсан. Хэрвээ ухаалаг утасаа хэрэглэхээ больчихвол энэ бүхэн шийдвэрлэгдэнэ гэж үзжээ. Тэгтэл дэлхий дахинд сургуулийн орчныг тэр чигт нь смарт болгох оролдлогууд хийж эхэллээ. Хотын даргын үзэн ядаад байгаа ухаалаг төхөөмжинд 10-20 кг татдаг гэх сурах бичгүүдийг багтааж, сургалтанд ашиглаад эхэлчихэж. Багш нар гэрийн даалгавар, ангийн эрц бүртгэх ажиллагааг ч ухаалаг төхөөрөмжинд суурилж явуулдаг болж. Өндөр хөгжилтэй орнуудад эцэг, эхийн хурлыг смарт төхөөрөмж ашиглан цахим хэлбэрээр явуулдаг болсон байна. Орчин үед технологийн дэвшлийг хэрэглээнд нэвтрүүлэн, түүнтэй уялдан ажиллаж, амьдардаг гэдгийг бодит жишээ энэ байна. 

Хааж, хорих тусам энэ хэрэглээ хүүхдүүдийн анхаарлыг төдий хэмжээгээрээ татна. Тэгсэнээр сургалтын амжилтанд нөлөөлж, улам л ухаалаг утас хэрэглэхийг хүснэ. Су.Батболд хааж болох ч хүний хүслийг тэр хааж чадахгүй.

Бизнес, хөгжлийн төв хэрэггүй

Улаанбаатар хотын бизнес, хөгжлийн төв гэдгийг өмнөх дарга Э.Бат-Үүл байгуулж, энэ төвөөр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хянуулдаг байсан. Энэ зөвхөн Э.Бат-Үүлийн газар байгаагүй. Үүгээр олон арван жижиг дунд бизнес эрхлэгчид үйлчлүүлдэг байжээ. Гэтэл гэнэн дарга үүнийг Ардчилсан намынх гэж ойлгоод татан буулгаж орхилоо. Угтаа метрополис хотод үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид дарга болгоны хаалга сахиж, шуудай дүүрэн бичиг цаас хөөцөлддөг байсан соц үеийн хуучин сэтгэлгээндээ эргэж очих нь.

***

Хотын дарга цаашид гэнэн мөрөөдөлдөө хэрхэн автаж, утопи шийдвэрүүд хэзээ гаргахыг Балхжав ах бид хоёр таашгүй. Одоо бид гагцхүү гэнэн төсөөлөлдөө бага автаасай гэж залбирах л үлдэж байна. Энэ хооронд хотын даргад утопи төсөөлөлдөө бага автаж, Улаанбаатар хотын гудамжаар бага ч атугай алх гэж зөвлөе.

Г.Адъяа