Долларын ханш цагийн зүүтэй “уралдаж” байна

“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр 18.00 цагийн үед ам.долларыг 2160 төгрөгөөр худалдан авч, 2165-аар борлуулж байлаа.

Тус төвийн ченжүүд 11 цагийн үед ам.долларыг 2155 төгрөгөөр борлуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, “ногоон”-ы ханш өдөрт 10 төгрөгөөр чангарсан гэсэн үг. Ийнхүү ам.долларын ханш өдрөөр биш, цагаар өсөж байна.

Монголбанкны албан ханшаар тооцвол ам.долларын ханш долдугаар сарын 1-нд 1992.76 төгрөгтэй тэнцэж байв.

Харин өчигдрийн байдлаар 2131.81 болж, 140 төгрөгөөр чангараад байна. Банкууд ч ам.долларын ханшаа өсгөв. Тухайлбал, ХААН банк ам.долларыг 2130 төгрөгөөр авч, 2148-аар зарж байлаа.

Тэднийх бэлэн мөнгөөр бол нэг сая, бэлэн бусаар бол таван сая төгрөгөөр л ам.доллар худалдах хязгаар тогтоожээ.

Банкууд ам.доллар худалдаж авах, худалдах ханшаа зөрүү ихтэй тогтоож, борлуулах хэмжээндээ хязгаар тавьж эхэлсэн нь “ногоон” ховордож, зах зээл тогтворгүй болсны илрэл юм.