"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтнийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх

Бөхийн холбооны маргаан туйлдаа хүрч байна. Адаг сүүлд нь хууль шүүхийнхэн нь хуулиа биелүүлэх гэсэн боловч хууль бус тамга тэмдэг ашигласан, эрх мэдэлтэй талд нь үйлчилснээр үйл явдал өрнөлөө.

Тодруулбал, өчигдөр шөнө маргаантай талынхан бөхийн өргөөнд уулзаж асуудлаа шийдэх гэсэн боловч цагдаагийн байгууллага бүх хүчээрээ хамгаалалт гаргаж шүүхийн шийдвэр танилцуулах гэж байсан талынханыг дотогш оруулаагүй байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар тус үйл явдлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн сургууль болох "Аварга" дээд сургуулийн оюутнуудыг ч гэсэн дуудан бөхийн өргөөг хууль бусаар хамгаалуулсан байсан гэнэ.

Тэр ч байтугай Б.Бат-Эрдэнэ аваргын хувийн бие хамгаалагч Б.Одхүү гэгчийг бөхчүүдийнх нь эсрэг, хууль хяналтын байгууллагын эсрэг турхирсан явдал ч өчигдөр гарчээ. Тэнд байсан бөхчүүдийн яриагаар Б. Одхүү санаатайгаар үймээн самуун дэгдээхээр бөхчүүдийг бөхчүүдийнх нь эсрэг турхирч, элдвээр доромжилж орилж хашигарч байжээ. Хамгийн сонирхолтой нь ийнхүү нөхцөл байдлыг хүндрүүлж буй Б.Одхүүг цагдаагийн байгууллага саатуулж шалгахын оронд хууль шүүхийн шийдвэрийг танилцуулж байсан эсрэг талын өмгөөлөгчийг нь барьж саатуулан шалгасан байх юм.

Иргэдээ хамгаалах ёстой цагдаагийнхан нь ингэж илтэд хууль бус үйл ажиллагаа явуулж буй эрх мэдэлтэй Б.Бат-Эрдэнэ аваргын талд орж байхад хэн үнэний талд зогсох вэ. Хууль тогтоогч, хуульч гэж өөрийгөө зарладаг хамгийн жудагтай аварга нь хуулийн уландаа гишгэсээр байна.

Б.Одхүүгийн өөдөөс ганц үг хэлж байсан хүн нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх аварга гэнэ. Гэвч мань Б.Одхүү дархан аваргаа үл тоож "та харьж унт, энд юугаа хийгээд яваа юм бэ" гэх зэргээр элэглэж байсан гэнэ.

Б.Одхүүгийн хувьд хэд хэдэн удаа хууль шүүхийн хаалга татсан нэгэн. Энэ мэт хууль дүрмийг уландаа гишгэдэг бөхчүүдийг хувийн бие хамгаалагчаараа авч аваргуудынхаа эсрэг элдвээр турхирч байгаа Б.Бат-Эрдэнэ аварга та үнэн нүүр царайгаа ард түмэндээ харуулж эхлэх чинь энэ үү.

Үүний дараагаар талууд тохиролцож бөхийн өргөөний хамгаалалтаа буулгаж асуудлыг ярилцаж шийдвэрлэх гэсэн боловч өнөөх таны бие хамгаалагч Б.Одхүү начин УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатыг чирч гулдчаад бөхийн өргөөнөөс хөөж гаргажээ. Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдээ бөхчүүдтэй нь алалцуулан байж ийнхүү хууль бусаар энэ холбооны төлөө улайран зүтгээд байгаа танд ямар эрх ашиг байгаа юм бэ. Ард түмнээ, бөхчүүдээ бодоод хууль шүүхийн шийдвэрээ дагаад явбал яасан юм бэ. Өчигдрийн зохион байгуулсан үйлдэл чинь хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж өөрийгөө хууль бусаар тэргүүнээр залснаас чинь ноцтой явдал байлаа.
А.Сүхбат аваргын сууж байсан өрөөний хаалгыг цөм өшиглөн эвдэж ороод танхайрчээ. Энэ асуудлаар тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан ч туйлын хойрго байгаа аж. Цагдаад Б.Бат-Эрдэнэ аваргын хүн болох нэгэн томоохон албан тушаалд байгаа учраас нөгөө талд байх нь ойлгомжтой хэмээн бөхчүүд ярилцаж байна.

Эх сурвалж:http://www.imedee.mn