Нэвтрүүлэгч Д.Одзаяагийн багийнхан ЭНЭМҮТ-ийн дутуу тээлтийн тасгийг тохижуулав

Монгол улсад эмнэлэг тэр дундаа төрөх эмнэлэгийн асуудал маш хүнд түвшинд яригдсаар ирсэн. Шинэ төрөх эмнэлэг барих талаар хэдэн арван жил ярьж байгаа ч өнөөдрийн хүртэл ахисан ажил үгүй. Хариуцсан яам, төрийн байгууллагуудаас илүү төрийн бус байгууллагууд, компаниуд, хувь хүмүүс эрүүл мэндийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Үүний нэг нь нэвтрүүлэгч Д.Одзаяа түүний багийнхан юм. Тэд Эх нялхасын Эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу тээлт судлалын тасгийг тохижуулж хүлээлгэн өгсөн байна. Түүний цахим ертөнцөөр бэлтгэн хүргэдэг " БЭЛЭГ" нэвтрүүлгийг мэдэхгүй хүн ховор. Олон олон хүнд сэтгэлийн бэлэг өгдөг тус нэвтрүүлэг 2 нас хүрч баг хамт олноороо ойн баяраа ийнхүү сайн үйлсээр угтсан аж. Жирэмсэн эмэгтэйчүүд хаана ч, аль ч эмнэлэгийн хяналтанд байсан ч ямар нэгэн эрсдэл, өвчин зэргээс хамаарч ЭНЭМҮТ-ийн дутуу тээлт судлалын тасагт ханддаг. Энэхүү тасаг амьдрал үхлийн зааг дээрээс тусламж хүсч буй ээжүүдийн авралын танхим гэхэд хилсдэхгүй биз. МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа сүүлийн үед эмч, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний гэр бүлд сэтгэлийн дэм өгч, ажлынхаа хажуугаар сайн үйлс хийж байгаад талархлаа илэрхийлье.