Стандард энд Пүүрс агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

 Эс энд Пи агентлагийн Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн үнэлгээний оноо:

Стандард энд Пүүрс (S&P) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 2018 оны 04-р сарын 20-ны өдөр хийсэнтэй холбогдуулан энэхүү мэдээг гаргалаа.

 Эс энд Пи агентлагийн үнэлгээ

Стандард энд Пүүрс (S&P) агентлаг нь Монгол Улсын i) урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B-”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, ii) богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна.

Стандард энд Пүүрс агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс нөлөөлөв. Үүнд:

Төсвийн тэнцэлд түүхий эдийн үнийн өсөлт эерэгээр нөлөөлж, сүүлийн 12 сарын хугацаанд төсвийн зарцуулалт илүү хатуу хяналттай байсан боловч Монголын төсвийн санхүүжилт эмзэг хэвээр байна.
Зээлжих чадавх сүүлийн үед сайжирсан хэдий ч институцийн болон бодлогын орчноос шалтгаалан сул хэвээр байна. Монголын эдийн засаг 2017 онд хурдацтай өссөн, мөн хөрөнгө оруулалт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ирэх жилүүдэд бодит ДНБ-ий өсөлт өндөр гарах хүлээлттэй байгаа. Гэхдээ Монголын бодлого боловсруулагч байгууллагууд сайн төлөвшөөгүй байгаа болон орлогын түвшин харьцангуй бага байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Мөн МУ-ын эдийн засаг өндөр хэлбэлзэлтэй байгаа нь бодлого боловсруулагчдад ихээхэн бэрхшээл учруулсаар байна.
Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн өргөжилт, хөрөнгө оруулалт болон хэрэглээний өсөлтийн нөлөөгөөр 2018-2021 онд МУ-ын эдийн засаг дунджаар 5.5 хувиар өснө гэж тооцоолж байна. Түүнчлэн 2018 онд эдийн засаг 5.0 хувиар өснө гэж төсөөлсөн нь Мүүдиз агентлагийн төсөөллөөс даруй 1.2 хувиар өндөр байгаа юм. “Оюу толгой” болон “Tаван толгой” зэрэг мега төслүүд нь МУ-ын орлогын түвшинг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой хэдий ч, нөгөө талаар эрсдэл байсаар байгаа тул тэдгээр эрсдэлүүдийг шинжилгээндээ хамруулсан.


Засгийн газар 2017 оны 4 дүгээр улиралд өр төлбөрийн менежментийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны 1 дүгээр сард төлөх байсан бондын төлбөрийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улс сүүлийн жилүүдэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дэлхийн зах зээлээс санхүүжилт босгох чадвартай байгааг харуулж байна.
МУ-ын төсвийн гүйцэтгэл 2017 онд ихээхэн сайжирсан ч түүхий эдийн үнээс шууд хамааралтай, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй хэвээр байгаа тул тэдгээр эрсдэлүүдийг мөн тооцсон. Нөгөөтээгүүр Засгийн газрын болон гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байна.
МУ-ын урсгал дансны алдагдлын хэмжээ ихсэж, ДНБ-д эзлэх хувь 2018-2020 оны хооронд хоёр оронтой тоонд хүрэхээр байгаа нь гадаад секторын нөхцөл байдал эмзэг байгааг харуулж байна.
Гэхдээ 2017 онд Төв банкны гадаад валютын албан нөөц (ГВАН) их хэмжээгээр өссөн нь зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлсэн. ГВАН өссөн нь гадаад эрэлт сэргэсэн, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, донор орнуудаас орж ирэх санхүүгийн урсгал нэмэгдсэн зэргээс үүдэлтэй юм. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь ирэх жилүүдэд валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулна гэдэгт итгэлтэй байгаа.
Эцэст нь активын чанарын үнэлгээ (AQR) амжилттай хийгдэж дууссан ба гарсан үр дүнгээр банкны секторын шаардлагатай хөрөнгийн хэмжээг тогтоосон нь ахиц дэвшил хэмээн үнэлсэн.

 Зээлжих зэрэглэлийг цаашид бууруулах/дээшлүүлэх үндэслэл:

Дээшлүүлэх: Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хүлээлтээс өндөр байж, цаашлаад түүхий эдийн үнэ өсөх, гадаад эрэлт их байх зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт дараагийн 1 жилийн хугацаанд тус агентлагийн төсөөллөөс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой.

Бууруулах: Монгол Улсын макро эдийн нөхцөл байдал бодитоор муудсан тохиолдолд, зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулах эрсдэлтэй. Тухайлбал, гадаад секторын болон төсвийн байдал ихээхэн муудвал ЗГ-ын өрийн эргэн төлөх дарамтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ тус агентлаг зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийхдээ ирэх 12 сарын хугацаанд дээрх сөрөг нөхцөл байдал үүсэх магадлал маш бага гэж үзсэн байна.