Америкийн цэргийн баазуудад Хятадад үйлдвэрлэсэн утас ашиглахыг хориглов

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын цэргийн баазад Хятадын “Huawei” болон “ ZTE”-д үйлдвэрлэсэн ухаалаг утаснуудыг ашиглахыг хориглолоо хэмээн “The Wall Street Journal” мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр америкийн зүгээс эдгээр үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн нь АНУ-ын армийн аюулгүй байдал, нууцын зэрэглэлд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн аж. “Huawei болон ZTE-гийн бүтээгдэхүүн нь АНУ-ын батлан хамгаалахын ажилтнуудын аливаа үйл ажиллагаанд эрсдэлийг бий болгож болзошгүй гэсэн мэдээллийн дагуу үргэлжлүүлэн ашиглах мөн худалдаалахыг хориглож байгаа юм” хэмээн Пентагоны төлөөлөгч Дэйв Истберн дурджээ.Түүний хэлснээр Америкийн цэргийн баазуудад дээрх үйлдвэрлэгчдийн гар утас 2400 байсан аж.
Өмнө нь АНУ-ын хууль сахиулах байгууллагын зүгээс Huawei болон ZTE-гийн ухаалаг утсыг худалдан авахгүй байхыг сануулсан мэдээлэл гарч байсан юм. Тусгай албадын зүгээс эдгээр компанийн бүтээгдэхүүний тусламжтайгаар Бээжин америкийн цэргийнхэнд хяналт тавьж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа гэнэ.
Дөрөвдүгээр сарын 17-нд Вашингтон Хятадын "ZTE" компанийг Америкийн технологийн компаниудын бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглосон байна.