Сонгууль угтсан жүжиг

Яг сарын дараа орон нутгийн сонгууль болно. Уг сонгуулиар АН өнгөрсөн сонгуулийн ялагдлаа тайлах уу, эсвэл МАН орон нутгийн сонгуульд ч олонх болох уу гэдгээ шийдвэрлэнэ. Хэдийгээр үүрэг ролийн хувьд УИХ-ын сонгуулиас бага ч улстөрийн намуудын хувьд энэ сонгууль шийдвэрлэх гараа гэж хэлж болно. Сонгууль бүрийн урд жүжигчилсэн тоглолт болдог бичигдээгүй хуулийн дагуу энэ удаагийн сонгууль ч бяцхан жүжгээр олон байлаа.

Жүжиг 1: Ард түмнээ сонсов

Үнэмлэхүй олонх болсон эрх баригчид эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан бүх төрлийн татварыг нэмэхээр болсон. Тансаг зэрэглэлийн гэх тодотголтой зүйлсэд бүхэлд нь татварыг нэмэгдүүлж, автомашинаас хүртэл татвар авахаар болоод байв. Гэтэл удалгүй ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ард түмний үгийг сонссоны үндсэн дээр татвар нэмэгдүүлэх асуудлыг түр хойшлуулсан хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн өмнө ард түмний үгийг сонсч байгаа мэт аашилж байгаа нь энэ. Шийдвэрүүд эргэж буцаж, засгийн газар нь ард түмэнтэйгээ ойр байгаа мэт аашлах нь мэдээж эрх баригчдын хувьд ашигтай байх нь ойлгомжтой.

Жүжиг 2: Нууц хэрэг тайлагдав

С.Зоригийн хэрэг үе, үеийн засгийн газрын нууц хөзөр байсаар ирсэн. 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН 75 суудал авсан нь ч С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэсэн амлалт өгсөнтэй холбоотой. Үүнээс хойш гурван ч сонгууль улирахад тухайн үеийн амлалт ул болж, С.Зоригийн хэрэг нууц хэвээрээ байсаар байна. Гэвч УИХ-ын сонгуулийн өмнө талийгчийн гэргий Булганыг тус хэрэгтэй холбогдуулан хорьж, саатуулах шийдвэр гаргав. УИХ-ын сонгууль дуусаад удаагүй байтал өнгөрөгч сард түүнийг суллав. Үүнээс хойш өнөөх Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татаж байгааг зарлажээ. Нэг хүнийг 18 жилийн хугацаанд хоёр ч удаа сэжигтнээр татсан өвөрмөц тохиолдлын гэрч нь бид болов. Түүнийг сонгуулийн өмнө сэжигтнээр татсан нь улстөрийн захиалга гэж үзэн Э.Бат-Үүл ч, түүнийг тойрон хүрээлэгчид ч мэдэгдэл хийгээд амжив. ЦЕГ-аас мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нэмэлт мэдээлэл өгөхгүй гэж байгаа ч medee.mn болон бусад сайтад дурьдсанаар хэрэг аль хэдийнэ илэрсэн байгааг сануулая.

Жүжиг 3: Улсын дампуурлыг мэдэв

2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засагт багтан ажиллаж байсан одоогийн сайдууд, эрх баригчид Монгол Улс бараг дампуурлын ирмэгт байгааг шагшин, гайхаж, олон нийтэд мэдэгдэл хийлээ. Засгийн өр өрийн даацыг аль хэдийнэ давж, үүнийгээ нөхөхийн тулд хэмнэлтийн горимд ажиллахаа мэдэгдэв. Эрх баригчид гайхаж, толгойгоо маажиж байх хооронд дэлхийн томоохон байгууллагууд Монголын зээлжих зэрэглэлийг нэг шат бууруулж, засгийн газрын нэрлэсэн бондуудын хүү улам нэмэгдлээ. Гайхан шагширсаны гай ердөө ингэж ирсэн хэрэг. Үүний дараа бүх шийдвэрийг хатуу авч, цалин хасах, татвар нэмэх, дарга нарын цалинг хасах, албан тушаалтнуудыг ажлаас нь халах, өндөр цалин авдаг албан тушаалтны цалинг бууруулах шийдвэр гаргасан нь ард түмнийг хоёр хуваахад хүргэсэн.

Жүжиг 4: Амлалтууд өгч эхлэв

Сонгуулийн өмнө өөдрөг найдвар, итгэл илт нэмэгдэж байгааг та дараах мэдэгдлээс харж болно. “Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөх эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, ардчилсан засаглалтай улс болохоор зорьж байгаа” гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ярьжээ. Ердөө 14 жилийн дараа энэ бүхэн бодит байдал болсон байх нь. Гэтэл бид бүх бүтэн үе гэж болох 25 жилийг энэ мэт байдлаараа л ярьж өнгөрөөсөн. Үр дүн нь одоо бид ингээд сууцгааж байна. Ямар нэгэн бодлого ярьж болох ч тэр нь ямар шат дараалалтай, ямар бодлоготойгоор хэрэгжих нь нууцлаг хэвээрээ үлдлээ. Чухамдаа бодлого бус бодол ярьдаг үе нь одоо бололтой. Төрийн үйлчилгээг 2020 он гэхэд шуурхай хүргэдэг болгох бүх системийг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг зорилтууд 5 жилийн өмнө яригдаж эхэлсэн ч одоо хэлсэндээ хүрэхэд дөрөвхөн жил үлдлээ.

***   

Энэ мэтчилэн жүжиг ар, араасаа гарсаар байна. Орон нутгийн сонгууль 10-р сарын 19-нд болно. Улстөр судлаачид эрх маригч МАН-ыг орон нутагт ч олонх болно гэж таамаглаж байгаа бол сөрөг хүчнийхэн эрх баригчдыг тийм ч олон суудал авахгүй гэж таамаглаж байгаа. Гэвч АН хэрвээ орон нутагт олонх болвол орон нутгийн хөгжил, эрх баригчдын санаа бодол сөргөлдөж ажил урагшлахгүй гацаж ч болох юм. Харин эрх баригчдын гаргасан шийдвэрүүд, цаашид барих чиг хандлага зэрэг нь олон нийтийн санаа бодлыг эргүүлж ч мэднэ. Ямар ч байсан бид ирэх сонгуулийн үр дүнг хүлээх үлдлээ.

Г.Адъяа