ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Модон бөмбөгийн холбооны цомын тэмцээн 2018 оны 05 сарын 05-ны өдөр Гачуурт дахь “Цэнхэр мандал” амралтын талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө.


Тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 31, эмэгтэй 25 нийт 56 тамирчин оролцож эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, холимог хос, баг, талбайн цохилтын төрлөөр өрсөлдөж ур чадвараа сорьжээ. Тэмцээнд Дархан ШУТИС, Бага-нуур ХК, ХААИС, Мон-Топ трейд ХХК, Мон-Алтиус БТДС, Эрдэнэт, Замын-Үүд, ДДЦС-ийн тамирчид оролцлоо.


Ганцаарчилсан эмэгтэй төрөлд 1-р байранд Мон-Топ трейд ХХК-ны тамирчин, ОУХМ Ж.Загас /48 оноо/, 2-р байранд ДДЦС-ын тамирчин Ц.Мөнхзул /53 оноо/, 3-р байранд ХААИС-ийн тамирчин Х.Өлзийбадам /54 оноо/ нар эхний 3 байрт орлоо. Эрэгтэйчүүдээс 1-р байранд Мон-Топ трейд ХХК-ны тамирчин спортын мастер Х.Пүрэвжаргал /47 оноо/, 2-р байранд Мон-Алтиус БТДС-ийн тамирчин, спортын мастер З.Байтагсүрэн /48 оноо/, 3-р байранд ДДЦС-ын тамирчин, спортын мастер Б.Билгүүндалай /48 оноо/ нар амжилттай сайн тоглон, оноо тэнцүүхэн гарч ойрхон тоглосон ч эдгээр тамирчид бусад тамирчинаас манайлан эхний 3 байрт орж ММБХ-ны өргөмжлөлөөр шагнагдав.


Холбооны цомын тэмцээний холимог хосын төрөлд ДДЦС-ын тамирчин спортын мастер Д.Отгонпүрэв, Г.Отгонтуяа /52 оноо/ нар тэргүүн байрт шалгарсан бол тэдэнтэй адил оноо авсан хэдий ч онооны чанараар дутуу ХААИС-ийн тамирчин спортын мастер М.Хүрэлмөнх, ОУХМ Г.Мягмарсүрэн /52 оноо/ нар 2 дугаар байрт орлоо. Харин Мон-Топ Трейд ХХК-ны тамирчин спортын дэд мастер Э.Энх-Алдар, спортын мастер М.Сугарсүрэн /54 оноо/ нар 3 дугаар байрт орлоо.


Багийн дүнгээр эмэгтэйчүүдээс спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай Мон-Топ трейд ХХК-ны багийн 4 тамирчны нийлбэр оноо 234 хүрч тэргүүн байрыг эзлэв. Харин ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС /241/, спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ДДЦС /245 оноо/ баг эхний 3 байрт орлоо.


Эрэгтэй багуудаас спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ДДЦС /211 оноо/, спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай Мон-Топ трейд ХХК-ны баг /220 оноо/, ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС /221 оноо/ баг тус тус эхний 3 байрт шалгарч өргөмжлөлөө гардан авчээ.


Талбайн цохилтын тэмцээн өрсөлдөөнтэй болж эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд Мон-Топ Трейд ХХК-ийн тамирчин ОУХМ Б.Оюунтуяа, 2-р байранд ХААИС-ийн тамирчин Д.Балжинням, 3-р байранд ХААИС-ийн тамирчин Х.Өлзийбадам нар шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг ХААИС-ийн тамирчин спортын мастер Ч.Ууганбаяр, 2-р байранд Бага-нуур ХК-ны тамирчин ОУХМ Б.Мөнхбат, 3-р байранд ХААИС-ийн тамирчин спортын дэд мастер Э.Энх-Алдар нар шалгарсан.


Байгууллагын нэгдсэн дүнгээр спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай ДДЦСын баг тэргүүлж Холбооны цомын эзэд болж, ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн баг 2-р байр, спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай Мон-Топ Трейд ХХК-ны баг хамт олон удаах байруудад орлоо.


Модон бөмбөгийн холбооны Цомын тэмцээнд оролцоход баг тамирчидаа дэмжин оролцуулсан байгууллага хамт олон, спорт клуб, сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО