Мэдэгдэл

Спейшл Майнз ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших MV-006720 дугаартай Улаан толгой, MV-006907 дугаартай Цагаан-Овоо нэртэй тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд юм.
 
 
2018 оны 3 сарын 5-ны өдөр манай уурхай дээр гарсан асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулж цөөнгүй мэдээллийг олон нийтэд түгээгээд байна. Иймд компанийн зүгээс болсон үйл явдлын талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн албан ёсны мэдэгдлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ. 
 
Спейшл Майнз ХХК нь сүүлийн гурван жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт нийт 3,577,774,227 төгрөгийн татварын орлого төвлөрүүлснээс гадна нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн нутгийн хөгжил, нутгийн иргэдийн боловсрол, амжиргааг дээшлүүлэх чиглэлээр 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Бид өөрийн үйл ажиллагаандаа дэлхийн жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй баяжуулах үйлдвэрийн технологи ашигладаг ба аюулгүй ажиллагааны стандарыг дээд зэргээр баримталдаг.
 
Харамсалтай нь 2018 оны  3 сарын 5-ны өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд гэрээлэгч компаний хийсэн тэсэлгээний улмаас цахилгааны бага хэмжээний доголдол үүсч цуглуулах савнаас уусмал хальсан байдаг. Гэвч бид цаг алдалгүй арга хэмжээ авч уусмалыг буцаан үйлдвэрлэлд оруулах үүрэг бүхий зүмпэнд цуглуулсан юм. Ингэснээр зүмпэнд цугласан уусмалыг баяжуулах үйлдвэрийн гадна орчинд тараахгүйгээр уусгалтын ганруу бүрэн цуглуулж үйлдвэрлэлийн хэвийн горимд шилжүүлсэн.  
 
Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны үед үүссэн бага хэмжээний доголдлыг манай компанийн аюулгүй ажиллагааны стандарт, ажилчдын шуурхай арга хэмжээний үр дүнд байгаль орчинд аливаа хохирол учруулахгүйгээр шийдвэрлэсэн. Үүнийг ч мэргэжлийн хяналтын байгууллага, геологийн төв лабортори зэрэг байгууллагууд өөрийн дүгнэлтээр баталгаажуулсан болно.
 
Харин яаралтай үед аюулгүй ажиллагааны арга хэмжээ авсан зарим ажилчид хамгаалалтын хэрэгслийг хэрэглээгүйн улмаас хөнгөн чанарын хордлогын шинж илэрсэн байснаа бүрэн эмчлүүлж ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтээ гаргаад байгаа болно.
 
Компанийн зүгээс дээрх үйл явдалтай холбоотойгоор албан ёсны баримтуудыг сонирхсон хэвлэл мэдээллийн байгууллагад гаргаж өгөх боломжтой болохыг энэ дашрамд дурьдаж байна.
 
СПЕЙШЛ МАЙНЗ ХХК