Шинэ засгийн саад

Энэ засгийн хамгийн тренд үг нь тансаглал. Эдийн засгийн хүнд байдалд байгаа бидэнд хамгийн их саад болж байгаа зүйл нь тансаглал гэж томъёолж үүнд 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой, 150 м.кв талбайтай байрнаас татвар авна гэж дүгнэсэн. Зарим гишүүд тансаглалаар туйлж байгаа нөхдүүд бол иргэд гэж үзэн, түүнийгээ гишүүний сэнтийгээсээ номлогч аятай номлосон. Гэтэл ямбатанууд хэрхэн тансаглах, дарга нар хэрхэн туйлахыг тэд олж харсангүй, харахыг ч хүссэнгүй.

Дарга нарын ямбархал

Эдийн засгийн хүнд байдалд бүсээ чангалах гол хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтнууд. Гэтэл тэд ямар нэгэн байдлаар бүсээ чангалсангүй, чангалахыг ч хүссэнгүй. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарын өрөө люкс зэрэглэлийн ангилалд багтахаар тохижсон байгааг та интернэтээр харж болно. Ямбархах моод агентлагын дарга нарт ч халдаж жирийн нэгэн агентлагын дарга өрөөндөө душтай болсон. Бүх гишүүд таблеттай, түүндээ зарцуулдаг мөнгөтэй, бензиний лимиттэй. Гэтэл тэдний ямбархалыг тоолгүй, ард түмнээ л чардайхыг уриалж байгаа нь энэ засгийн содон төрх.
                Засгийн гишүүдийн тансаглал Улаанбаатар хотод ч халдаж, тансагласан эс тансагласан  талаарх маргаан одоо ч дуусаагүй байна. Маргаан дуусаагүй байх хооронд нийслэлийн харьяа байгууллагуудын дарга нар цалингаа хасахгүй байх шийдвэр гаргасан.

Дүрэмт хувцастанууд

Монголчууд аль ч социалист улсаас илүү олон дүрэмт хувцастай орон. Онцгой байдлын ажилтан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Прокурорын ерөнхий газар гээд тусгай дүрэмт хувцастай газрууд олон. Гэтэл дээрх газруудын дүрэмт хувцас хийх зардалд хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн багцаа судалгаа байна. Заавал дүрэмт хувцастай байх албагүй дээрх агентлагуудын дүрэмт хувцасыг болиулах талаар хэд, хэдэн гишүүн шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй өдийг хүрчээ. Заавал дүрэмт хувцастай байх Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Батлан хамгаалах анги нэгтгэл, Цагдаагаас бусад дүрэмт хувцасыг бид болиулахад тухайн албан газарт ч, улсын төсөвт ч хэмнэлт гарах нь ойлгомжтой.

Мэргэжлийн бус удирдлагууд

Яам, тамгын газар, агентлагуудын даргаар мэргэжлийн бус хүмүүс томилогдон ажиллаж байгаа нь хэрэггүй зардал, алдаатай ТЭЗҮ гарах нэгэн үндэслэл болдог гэдгийг Дэлхийн банкны мэргэжилтнүүд зөвлөж байна. Одоогоор шинэ засгийн нийт сайд нарын 40 илүү хувь нь мэргэжлийн бус байгаа нь засгийн газрын ТЭЗҮ болон төсөл хөтөлбөрүүд алдаатай гарах, үргүй зардал бий болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. “Хэрвээ мэргэжлийн бус хүн тухайн салбарыг удирдвал бодлогын болоод төсвийн маш том эрсдэл гарахыг үгүйсгэхгүй юм. Өнгөрсөн 25 жилийн түүхийг харвал мэргэжлийн хүмүүсийг шүтэх, мэддэг хүнээр нь удирдуулах гэдэг маш том зүйл алдагдсан” гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ярьжээ.

1979 онд Их Британийн ерөнхий сайдаар сонгогдсон Маргарет Тетчэр томилогдсон даруйдаа сайдын суудалд тухайн салбарын мэргэжилтнүүдийг томилсон нь нүдээ олсон шийдвэр байсан юм. Тухайн үедээ сөрөг хүчний улстөрчид улстөрийн туршлагагүй хүмүүс гэсэн шүүмжлэл сонсч байсан ч зөв шийдвэр байсныг цаг хугацаа харуулсан билээ. Тухайн үед эдийн засгийн хямрал, улстөрийн маргаантай байсан Их Британи улсын эдийн засгийн өсөлт хэдхэн жилийн дотор нэмэгдэж, улмаар хямралт нөхцөл байдлаас ердөө гуравхан жилийн дотор гарч чадсан юм.

Саар үзүүлэлтүүд

Энэ засгийн газрын хамгийн том саад нь саар үзүүлэлтүүд юм. Голдман Сакс санхүүгийн байгууллагын үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ үнэлгээгээс B- болгож бууруулсан нь хөрөнгө оруулагчдыг үргээх нэг үндэслэл. Нөгөө том асуудал нь Сангийн сайдын мэдээллийн дараа Рио Тинто групп далд уурхайн ашгийн төсөөллийг сөрөг болгож, гарах ашгаа бууруулсан нь хамгийн том саалийн үнээ гэгдэж буй Оюутолгойн хувьд саар мэдээлэл юм. Монголын засгийн газрын авсан “Чингис” болон “Самурай” бондын хүү нэмэгдсэн нь ирэх оны эхний улиралд төлж эхлэх засгийн газарт томоохон саад тушаа болох нь дамжиггүй.

Саяхан Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээр хөгжингүй орнууд эдийн засгийн хямралаас ойрын гурван жилийн дотор гарах бол хөгжиж байгаа улсууд таван жилдээ эдийн засгийн хямралаас гарахгүй гэж дурьджээ.

С.Болор