АЛТАЙН ЗАЛУУС ГУРАВ ГУРВААРАА...


-Бүтээлч санаачилга, утга учиртай оролцоо бүхий түүчээ залуусыг дэмжинэ-

Залуучуудын сайн дурын бөгөөд утга учиртай оролцоог дэмжих “ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” төслийг Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос зарлажээ. Төслийн болзолд зааснаар тус аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдэх гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдах юм байна.

“Түүчээ залуус” төсөл бүх суманд хэрэгжих бөгөөд нэг сумаас хэдэн ч баг оролцож болох гэнэ. Оролцсон багуудаас шилдэг тавыг нь шалгаруулж, 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулж, бүтээлч санаачилгыг нь олон нийтэд хүргэх бөгөөд тэднийг дараагийн шатанд илүү хүчтэй өрсөлдөөн хүлээж байгааг одоогоор нууцалж байна.

Ирэх зургадугаар сараас хэрэгжиж эхлэх “Түүчээ залуус”-ын багуудыг тавдугаар сарын 25-ыг хүртэл бүртгэж, бүртгүүлсэн багуудад зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн даалгавар өгснөөр тэдний өрсөлдөөн эхлэх ажээ.

“Түүчээ залуус” төсөлд сум орон нутгаас төдийгүй өөр аймаг, хот, гадаадын улс оронд ажиллаж, амьдардаг Алтайн залуус оролцож болохоороо онцлог гэнэ.

“Ирээдүй-Алтай” холбоо 2013 онд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан “Сумын залуус” төслийг аймагтаа хамтран хэрэгжүүлж байсан бол энэ удаагийн төслөө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хүч хавсран хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

“ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” ТӨСЛИЙН УДИРДАМЖ

Нэг. Уриа:

Алтайн ирээдүйн эздийг “Ирээдүй Алтай” төрүүлнэ.

Хоёр. Төслийн зорилго:

Оюутан, залуучууд үе тэнгийн найз нөхдөө уриалан дуудаж, ахмад-дунд-залуу үеийн болон төр-хувийн хэвшил-олон нийтийн байгууллага-иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурлан Алтайн ирээдүйн эздийг төлөвшүүлэх, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн бодит бөгөөд утга учиртай, сайн дурын оролцоогоор хувь нэмэр оруулахад оршино.

Гурав. Үргэлжлэх хугацаа:

Нэгдүгээр шат 2018 оны 06 дугаар сарын 15-аас 09 дүгээр сарын 01-нд Говь-Алтай аймгийн сумдад бүртгүүлсэн бүх багуудын хүрээнд,

Хоёрдугаар шат 2018 оны 09 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод шилдэг 5 багийн хүрээнд тус тус үргэлжилнэ.

Дөрөв. Хийгдэх ажлууд:

Ажлын үр дүн, ач холбогдол нь тухайн багийн ажил хэрэгжүүлж буй сумын бүх иргэдэд нээлттэй байна. Үүнд:

Нэгдүгээр шатанд хийгдэх ажлууд

Нийтийг хамруулсан спортын арга хэмжээ,
Судалгаа авах (Судалгааны асуулгыг “Ирээдүй-Алтай” холбооноос өгнө),
Зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн өвөрмөц ажил (Спортын арга хэмжээ, шашин сурталчилсан үйл ажиллагаа байж болохгүй)

Хоёрдугаар шатанд хийгдэх ажлууд:

Шилдэг багуудын төсөлт ажил (Нэгдүгээр шатны явц, шалгарсан багуудын онцлогт тулгуурласан тусгай удирдамжаар явна)

Тав. Багийн зохион байгуулалт, хэрэгжүүлэлт

Төслийг багаар хэрэгжүүлэх бөгөөд баг нь гурван гишүүнтэй байж, өөрсдөө ахлагчаа сонгоно.
Багт Говь-Алтай аймгийн 18 сумын уугуул, суугуул 40 хүртэл насны залуучууд оролцох боломжтой.
Нэг суманд хэдэн ч баг сайн дураар зохион байгуулагдан ажиллаж болно.
Баг нь “Ирээдүй-Алтай” холбоонд албан ёсоор бүртгүүлж, төсөл хэрэгжүүлэх зааварчилгаа авснаар байгуулагдсанд тооцно. Бүртгэлийг баталгаажуулж, зааварчилгаа өгөх сургалтыг “Ирээдүй-Алтай” холбооноос 5 дугаар сарын 26-нд зохион байгуулж, төслийн нээлт хийнэ.
Багийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр (эрүүл мэндийн болон гадаад томилолт, уралдаан, тэмцээн) багаас гарах, ажлаа гүйцэтгэхээс татгалзахыг хориглох бөгөөд анхнаасаа сайн дурын, утга учиртай оролцоог нь хангаж гишүүдээ бүрдүүлнэ.
Багийн нэг гишүүн нь Улаанбаатараас өөр аймаг, хотын сургуульд сурдаг буюу амьдардаг, эсхүл Монголоос өөр улсад амьдардаг байж болно. Гэхдээ төсөл хэрэгжих хугацаанд Говь-Алтай аймагт байж, ажилдаа идэвхтэй оролцоно.
Баг нь Алтайн ирээдүйн эздийг төлөвшүүлэх, орон нутгийнхаа хөгжилд өөрсдийн бодит бөгөөд утга учиртай, сайн дурын оролцоогоор хувь нэмэр оруулах зорилгын төлөө ажиллах учраас “Ирээдүй-Алтай” холбооноос санхүүжилт авахгүй.
Багийн гишүүд нь удирдамжинд заагдсан ажил үүргийг цаг хугацаандаа жигд хуваарилан багтааж, чанартай гүйцэтгэх үүрэгтэй.
Ажлуудаа дүрс бичлэг, гэрэл зургаар баримтжуулна.
Багууд тайлангаа цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, “Ирээдүй-Алтай” холбоонд ирүүлнэ.

Зургаа. Шагналын сан:

Нэгдүгээр байр эзэлсэн баг Батламж, 1 000 000 төгрөг
Хоёрдугаар байр эзэлсэн баг Батламж, 800 000 төгрөг,
Гуравдугаар байр эзэлсэн баг Батламж, 600 000 төгрөг
Тусгай байр эзэлсэн 2 баг (тус бүр) Талархал, 500 000 төгрөгөөр урамшуулна.

Шилдэг багуудын ажлаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, онцгой үүрэг гүйцэтгэсэн зарим залуусыг тусгайлан шагнаж, урамшуулна.

Долоо. Хүлээгдэж буй үр дүн:

Оюутан, залуучууд хөдөлмөр эрхлэх зөв дадлыг олж, бүтээлч, хамтач сэтгэлгээг өөртөө төлөвшүүлэн авч, сайн дурын, утга учиртай оролцоог бий болгоно.
Харилцааны болон багаар ажиллах ур чадвараа дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлд өөрийн байр сууриа олоход нь туршлага болно.
Нутгийн хөгжилд иргэдийн санал бодлыг тусгасан судалгааны үр дүн бий болно.

Найм. Бусад

“Түүчээ залуус”-ын багуудыг “Ирээдүй-Алтай” холбоо ерөнхий удирдлага, зааварчилгаагаар хангаж, хяналт тавина.
Орон нутгийн төр, хувийн хэвшил, олон нийтийн бүхий л байгууллага, иргэдтэй хамтран ажиллах эрх нь нээлттэй байна.
Төслийн хэрэгжилтэд өөр аймаг, сумын иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэнийг татан оролцуулж, хуульд нийцсэн санхүүжилт, зохион байгуулалтын дэмжлэг авч болно.

Ес. Эргэх холбоо

Гар утас: 8000-8586 (“Ирээдүй-Алтай” холбооны дэд тэргүүн Н.Амартүвшин)

Цахим хаяг: Facebook/Ireedui-Altai Oyutan Zaluuchuudiin Holboo

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН “ИРЭЭДҮЙ-АЛТАЙ” ХОЛБОО

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР