МУИС, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуультай Хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ


Монгол Улсын Их Сургууль ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуультай Хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Үйл ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн Проректор М.Шарпф, Профессор Ж.Эртельт, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” хөтөлбөрийн удирдагч Биатэ Диппмар, Ажил, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан төслийн мэргэжилтэн Г.Сара болон "Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийн гишүүд оролцов.
ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн Проректор М.Шарпф хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Сургууль нь ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй Европын бус анхны орон гэдгийг тэмдэглээд "Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй МУИС болон хөтөлбөрийн багийн хамт олонд амжилт хүслээ.

Өнгөрсөн хугацаанд МУИС-ийн "Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг боловсруулан анхны элсэлтээ авч 26 суралцагчтайгаар хөтөлбөр үргэлжилж байна.
Цаашид хөтөлбөрийн зайн сургалтын хэлбэрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр анхны докторант төрөн гарахаар судалгааны ажлаа хийж байгаа юм. ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуульд МУИС-ийн багш, судлаач, ахисан түвшний оюутнуудыг богино болон урт хугацаанд дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг шат дарааллан хийнэ.