Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шатрын спортын төрлөөр олон улсын тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүдтэй уулзаж, баяр хүргэв

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр өсвөрийн шатарчдын төлөөлөл болсон хүүхдүүдийг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд хүлээн авч уулзаад амжилт гаргасанд нь баяр хүргэлээ.

2018 оны дөрөвдүгээр сарын 20-29-нд Албани улсын Дуррис хотноо болсон “Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д 40 орны 387 шатарчин хүүхдэд оюун ухаанаа сорьсноос Монгол Улсаас 29 шатарчин оролцож, хос алт, хос мөнгө, хос хүрэл медаль хүртсэн байна.

“Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Стандарт” төрөлд медаль хүртсэн тамирчид:

  • 13 хүртэлх насны охидын ангилалд “Төв” клубын тамирчин, тус тэмцээний Хошой аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Даваахүүгийн Мөнхзул түрүүлж, алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер цолны болзол хангасан байна.
  • 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат түрүүлж алтан медаль
  • 9 хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Хүчбаярын Есүгэн 2-р байрт шалгарч мөнгөн медаль
  • 9 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Баттулгын Тэнүүнболд 2-р байрт шалгарч мөнгөн медаль
  • 7 хүртэлх насны охидын ангилалд “Занданшатар” клубын тамирчин Наранболдын Содгэрэлт 3-р байрт шалгарч хүрэл медаль, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол
  • 9 хүртэлх насны охидын ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Гантулгын Лхагважэд 3-р байрт шалгарч хүрэл медаль тус, тус хүртсэн байна.