Монгол, Оросын шинэ нөхцөл, шинэ харилцааны туг намирах эхлэл

Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй билээ. Нэгэн цаг үеүдэд монголчууд оросуудыг “ах нар” хэмээн хүндэтгэн харилцаж, ярьдаг байв.

Учир нь орос ах нар ядуу дорой хөрш монголчуудаа соёлжуулж, боловсрол олгож, орон сууцжуулж, үйлдвэржүүлж, ард иргэдийг маань ажилтай орлоготой болгож, гараа сунган том бүтээн байгуулалтыг бэлэглэсэн. Монголын ард түмэн энэхүү бат бөх хөрсөн дээр ардчилал, зах зээлийн нийгмийг байгуулж, өдгөө цэцэглэн хөгжиж байна.

Монгол улс цэцэглэн хөгжих үндэс суурийг нь цогцлоож өгсөн “орос ах нараа” бид эргэн дурсч, сэтгэл зүрхэндээ ч, үйл ажиллагаа, харилцаандаа ч үргэлжид санан дурсаж байдаг. Монголчууд бид ардчилал, чөлөөт зах зээлийг тогтоохоор тугаа мандуулж байсан он цагуудад “орос ах нартайгаа” түнжин хагаралдаж, ахан дүүсийн найрамдалт харилцаа холдсон удаа ч бий.

Гэвч энэ түүхэн найрамдалт харилцаа сүүлийн гурван жилд сэргэж, ойртлоо. Үүний тод жишээ “Монгол-Оросын санаачлага-2018” чуулган зургаадугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Засгийн газрын ордноос нээлтээ эхэлсэн чуулганаар ордны Их танхим, Д.Сүхбаатарын танхим болон олон улсын “Шангри-ла” зочид буудлын хурлын танхимуудад халуун дотно, ажил хэрэгч хэлэлцүүлэг, уулзалт болсон.

Ийм олон оросуудыг ойрын жилүүдэд хараагүй, тааралдаагүй явсан бол энэхүү чуулганаар тэднийг харж, баяслаа. Үнэхээр ах минь, эгч минь хажууд минь ирж, түших шиг.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга нээлтийн үгэндээ Орос, Монголын харилцааг энэхүү чуулганаар шинэ шатанд шинэ урсгалаар хөгжүүлэхийг зорьж байгаа талаар тодотгож хэлсэн.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин “Монголчууд та нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголчууд ОХУ-тай эртний найрсаг харилцаатай байсныг өдгөө өндөр түвшинд үнэлж байна. Манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа, стратегийн түншлэл, гадаад бодлого нь Евроазийн хөгжилд маш чухал юм....Бид улс төрийн бүх түвшинд дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх бодолтой байна.

Энэхүү хоёр орны санаачлагын чуулганы хүрээнд явуулж буй арга хэмжээнүүд хамтын ажиллагаанд маш том түлхэц болно гэдэгт найдаж байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны нарийн асуудлыг бид чуулганы үеэр ярина. Цаашид шинэ гэрээ хэлэлцээр хийх, шинэ шинжлэх ухаан технологийн ололтыг солилцох хамтын ажиллагаанд энэхүү чуулган их том нөлөөтэй болно хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путины хэлсэн илгээлтийг танилцуулав.

Үүний дараа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар үг хэлэхдээ “Эрхэм хүндэт хамтран зүтгэгчид ээ, Бид өнөөдөр зөвхөн цуврал арга хэмжээг хийхдээ “Монгол- Оросын санаачлага-2018” чуулганы зорилго нь шинэ шатанд хамтдаа алхах гэж байгаа гэж бодож байна. Энэхүү чуулганаар манай хоёр улсын олон талт асуудлаар эдийн засгийн хамтын ажиллагаанд харилцан ашигтай маш чухал алхмыг хийх болно. Энэ нь зөвхөн Орос, Монголын хоёр улсын стратегийн түншлэл биш бүх түвшинд хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд, Засгийн газруудын хооронд явуулж буй хэлэлцээр, санхүүгийн чиглэлээр явуулж байгаа бүх арга хэмжээнд чухал алхам болно.

Манай хоёр улсын худалдаа эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарт болон Монгол улсад ОХУ-ын компаниуд найдвартай түнш олно гэдэгт найдаж байгаа. Энэхүү чуулган, үзэсгэлэнд Буриад, Омск, Калининград, Иркутск мужуудын төлөөлөгчид оролцож байна. Хөдөө аж ахуйн салбарын 13 компани хүрэлцэн ирсэн. Зөвхөн хөдөө аж ахуй биш уул уурхай, геологийн салбарт хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эрчим хүчний салбарт чухал хувь нэмэр оруулах техник төхөөрөмж, хөнгөн үйлдвэрийн салбарт мөн шинэ бүтээгдэхүүнийг санал болгож байна.

ОХУ-ын зөвхөн экспортын чиглэлээр ажиллах биш Монголын нутаг дэвсгэрт эдийн засгийн маш өндөр эргэлт хийх шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Зөвхөн эдийн засгийн санаачилгаар биш харин хоёр орны соёл, урлагийн салбарт ч найрсаг харилцааг хөгжүүлнэ.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ нөхцөл, боломжийг бүрдүүлнэ. Та бүгдэд үр бүтээлтэй үйл ажиллагааны амжилт хүсэе. Монгол найз нараа ОХУ-д долоодугаар сард болох арга хэмжээнд урьж байна.“ гэсэн юм.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хэлсэн үгнээс товчхон: “Хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх “Монгол-Оросын санаачлага-2018” чуулганд оролцож байгаа Монгол,Оросын төр засгийн төлөөлөгчид, бизнес эрхлэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. ОХУ-тай найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хоёр улсын харилцааны түүх, өнөөгийн байдлаас харахад хамтын ажиллагааны гол тулгуур нь улс төр, шинжлэх ухаан, соёл урлаг, боловсрол, худалдаа эдийн засаг байж ирсэн...

Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бидний хүсэн хүлээсэн зорилтод хүрэхгүй байгаа...Ялангуяа манай улсын экспорт туйлын бага байдаг. ..Хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахын тулд дараахь зүйлд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг санал болгож байна. Үүнд, хоёр улсын хоорондын худалдааны нөхцлийг сайжруулах, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судлах, ОХУ, Казакстан улс, Белорусь, Армян, Киргизстан зэрэг таван улсыг багтаадаг Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хэрэгтэй. Үүний тулд эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан судалгааны алба байгуулах саналыг манай улс дэвшүүлээд байгаа. Хамтарсан судалгааг ойрын үед эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төр,хувийн хэвшлийн болон хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олон төслүүд хэрэгждэг. Цаашид ч олон төсөл хэрэгжих боломжтой гэж үзэж байна....Монгол улс, ОХУ-ын хамтарсан худалдаа, эдийн засгийн үзэсгэлэн-худалдааг тогтмол зохион байгуулах саналыг ч дэвшүүлж байна....Монгол, Хятад, Орос гурван улсын хамтын ажиллагаа идэвхжиж байгаатай холбогдуулж, шинэ боломжийг нээж ажиллахад та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна” хэмээн хэлсэн юм.

“Монгол-Оросын санаачлага-2018” чуулганы үеэр “Монгол улс-Орос улс:Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа бол стратегийн түншлэлийн хөгжлийн чухал хүчин зүйл” , “Монгол улсын хил орчмын аймгууд ба ОХУ-ын субъектүүдийн хамтын ажиллагаа”, “Эрчим хүчний талаарх хамтын ажиллагаа: Хоёр талын харилцаанд шинэ чиг хандлагыг бий болгох”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор, хүнс, хөнгөн үйлдвэрлэл дэх хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэл ба хөгжлийн стратегийн хэтийн төлөв”, “Монгол улсын дэд бүтцийн хөгжил ба шинэчлэл: Тээвэр, аж үйлдвэр, барилгын салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэл” зэрэг чиглэлээр нээлттэй хэлэлцүүлг ийг амжилттай өрнүүллээ. Мөн “Орос улсын иргэний зориулалтын онгоц үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн” сэдэвт дугуй ширээний ажил хэрэгч уулзалт болсон юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш: ОХУ-д худалдааны тарифаас гадна төмөр замын тарифууд нэмэгдсэн. Энэ нь манай улсын худалдааны эргэлтэнд нөлөөлж байна. Манай улсын уул уурхайн салбарын бүтээгдэхүүн жонш зэргийг Орос руу гаргахгүй болсон. Энэ бол тээврийн болон тарифын асуудлаас шалтгаалж байгаа юм.

Чуулганд оролцсон ОХУ-ын 64 компаниас 70 хувь нь манай улсад өмнө нь ирж, бизнес эдийн засгийн харилцаа холбоо тогтоосон. Харин шинэ бүс нутгуудаас, Москва хотоос цаашхи баруун зүгээс шинэ компаниуд хүрэлцэн ирж, оролцож байна. Уул уурхай, зам тээвэр, эрчим хүчний компаниуд нь манай улстай хамтарч ажиллъя гэсэн зорилготой байгаа юм. Мөн Хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, банкуудын уулзалт зэрэг боллоо. Манай улсын банкны салбараас 200 гаруй банк оролцож, ганцаарчилсан уулзалтанд 300 орчим хүн ирлээ. Бид энэхүү чуулганаар аж аухйн нэгжүүдийг хооронд нь холбож өглөө. Жишээ нь, Төмөр замын чиглэлээр тарифны асуудлыг тооцож үзээд, хамтарч ажиллах чиглэлүүдийг нарийн тодорхойлно гэж ярилцаж байна.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Оросын “Атомтехэкспорт” ХН-ийн ерөнхий захирлын орлогч, төсөл ба худалдаа эрхэлсэн захирал Д.А.Сатлейкин “Буриад улс, Эрхүү мужид сэргээгдэх эрчим хүч нь цаг үеийн маш том салбар болж байна...Орос улсын технологид ашигтай үйлдвэрийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Орос улсын талаас орон нутгийн чанартай хий нийлүүлэх технологийг ашиглах талаар санал тавьж, ярилцаж байна. Ийм чиглэлийн технологийг Казахстан улс хөгжүүлж байгаа. Энэ технологийг Монгол улсад эрчим хүчний салбарт ашиглаж болно. Атомын эрчим хүчний талаар урт удаан асуудлыг ярилцаж болно. Атомын цахилгаан станц нь хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт шууд холбоотой.

Хөгжлийн банкны захирал Б.Батбаяр: Монгол улс уламжлалт уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна дэд бүтцийн салбарт цаашид  Оростой хамтарч ажиллах боломж бий. Ер нь цаашид Хятадаас ОХУ руу транзит тээврийг хөгжүүлэх чиглэлд ямар төсөл, хөрөнгө оруулалт оруулахыг хэлэлцэнэ. Хөрөнгө оруулсны дараа ямар байгууллагатай хамтарч ажиллах бололцоо байгааг судлах хэрэгтэй. Мөн Хөгжлийн банкны болон бусад санхүүгийн банкууд, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч төсөл хэрэгжүүлэх замаар Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө авчрах бололцоо байгааг энэ чуулганы үеэр олж харлаа.

Харин Монгол улсаас Орос руу гаргадаг бүтээгдэхүүнүүдээс өндөр татвар авдаг хүндрэлүүд байдаг. Экспортын бараа бүтээгдэхүүний татврын асуудлыг Монголын тал гаргаж тавьснаар ОХУ-ын албаны хүмүүс холбогдох хууль дүрэмдээ өөрчлөлт оруулах, мөн худалдаа, хөрөнгө оруулалтын талд хамтрах боломж бий.

Ийнхүү Монгол, Оросын харилцаанд шинэ нөхцөл, шинэ амьдрал, шинэ өөрчлөлтийг авчрахыг зорьсон чуулган нь хөгжлийн шинэ тугаа намируулж эхэллээ.

Б.Баярмаа