Э.Энх-Эрдэнэ: Од болно гэхээсээ илүү ард түмнийхээ зүрх сэтгэлд нь хүртэл сайхан дуулах хэрэгтэй гэж боддог

Монгол орноо гурав дахь удаагаа тойрон, хийсэн бүтээсэн бүхнээ ард түмэндээ тайлагнаж яваа энгийн, эгэл даруухан дуучин МУСТА Э.Энх-Эрдэнэтэй уулзаж аялан тоглотынх нь сонин сайхнаас хуваалцлаа.

-"Жаргалын диваажин монголд” аялан тоглолтоо хийгээд саяхан Улаанбаатарт ирсэн. Аян замын сонин хачнаасаа хуваалцаач?

-Юуны өмнө ард түмэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. "Жаргалын диваажин монголд” аялан тоглолт маань гурван сарын нэгэнд  Тусгаар тогтнолыг ордонд Эх орончдын баярын өдөр нээлтээ хийсэн. Ингээд 21 аймаг, Баянхонгор, Завхан, Увс гэсэн гурван аймгийн бүх сумуудаар тоглолтоо үргэлжлүүлж 6 сарын 3-нд тоглолт маань өндрөллөө. Монголынхоо байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд болоод ард түмэнтэйгээ уран бүтээлийн тоглолтоороо уулзаж, нийгмийн амьдралыг  илүү тодоор харж явахад залуу хүний хувьд сайхан байлаа.

-Хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчид танийг хэр хүлээж авав. Тоглолтууд сайхан болов уу?

-Очсон газар бүрт үзэгчид их халуун дотно сайхан хүлээж авлаа. Ерөнхийдөө баруун аймгийн үзэгч, сонсогчид чамгүй их байлаа. Бид долоон хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтод гарсан. Манай тоглолтын багийхан их сэтгэл хангалуун байгаа.

-Танийг залуу уран бүтээлчид дундаасаа хамгийн олон тоглолт хийсэн гэж үнэн үү?

-Надаас өөр зөндөө олон дуучид байгаа. Бид л сайн мэдэхгүй байгаа болохоос биш. Миний хувьд Монгол орныхоо 21 аймаг 330 сумаа бүхэлд нь гуравдах удаагаа тойрч, тоглосоор явна. Гэхдээ би Баян-Өлгийн хэдэн сумаар орж үзээгүй. Бусдаар бол бүх л сумаар орж тоглолтоо хийсэн. Өөрийн хийсэн бүтээсэн бүхнээ ард түмэндээ тайлагнаж, ард түмэнтэйгээ уулзаж учирна гэдэг их сайхан зүйл.

-Шинэ залуу дуучид анх гарж ирээд олонд танигдахын тулд олон нийтийн хэрэгслийг их ашигладаг юм шиг санагддаг. Харин та их л нам гүм байх юм.

-Хуучны уран бүтээлчдээс Ард түмний гавьяат Адарсүрэн гуай л гэхэд ямар ч клипгүй хэрнээ дуулсан дуу болгон нь олонд хүрсэн. Энэ хүн бол нийтийн дуучдын домог нь юм. Энэ гайхалтай хүний араас ард олны хүндлэл, хайрыг хүртсэн дуучин бол МУГЖ дуучин Батсүх ах юм. Бас л очсон газар бүрт нь үзэгчид дүүрэн, ард түмэн сайхан хүлээж авдаг. Миний хувьд энэ хоёр домог болсон хүмүүсээс үлгэр жишээ авдаг гэж хэлж болно. Сүүлийн үед дуучид клипэнд их анхаардаг болж. Би харин од болно гэхээсээ илүү ард түмнийхээ зүрх сэтгэлд нь хүртэл сайхан дуулах  хэрэгтэй гэдэг зарчмыг нэгт тавьж явдаг.

-Танийг нийтийн дууны "Хайрын дууч” гэх юм.

-Тухайн үед дөнгөж ард түмэнд танигдаж эхлэх гээд "Хайралсанд минь уучлаарай”, "Хоёр амьдрахсан хорвоо”,”Итгэл сэтгэл”,”Мөнхөд чамайгаа” гээд хайрын тухай дуунууд их дуулж байсан. Яг энэ үед хүмүүс "энэ дандаа хайрын дуу дуулдаг залуу, хайрын дууны залуу” гэж их ярьдаг байсан. Одоо бол хайрын дууг маш олон залуучууд дуулж байна. Би ч бас нас намбандаа тааруулаад эх орон, ээж аав, нутаг усны тухай, Монгол эх орныхоо тухай дуу дуулдаг болж. Эндээс харахад өөрийгөө бага багаар өсөөд явж байна гэж дүгнээд байгаа.

-Намба суугаад хайрын дуунаас татгалзаж эх орон, ээж аавын дууруу орж байна гэж ойлгож болох уу?

-Миний хувьд даацтай уран бүтээл хийе гэсэн бодолтой л байна. Гэхдээ мэдээж хайрын дуугаа  дуулсаар л байна. Учир нь хайр бол мөнхийн сэдэв.

-Танийг тоглолтоор явж байхдаа хоёр ч удаа чонотой таараад хөөсөн ч авлаж чадаагүй гээд мэдээ гарсан байсан. Энэ үнэн үү?  Эсвэл дэгэсдүүлж үү?

-Зүүн аймгуудаар тоглолттой явж байхдаа чонотой таарсан. Чоно хараад "сайхан хийморьтой явж байна даа” л гэж бодохоос биш буу онилж, амьтны амь бүрэлгэнэ гэдэг надад зохимжгүй зүйл гэж боддог. Би ан аваас их хол хүн. Тарвага агнах, загасчлах гэх мэт зүйлийг таашаадаггүй.

-Одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу? Цаашдын уран бүтээлийн тань төлөвлөгөө юу вэ?

Эхний ээлжинд тоглолт тавигдаагүй нилээн хэдэн сумдаар орж тоглолтоо үргэлжлүүлнэ. Хажуугаар нь энэ зун хэд хэдэн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Мөн "Жаргалын диваажин монголд” аялан тоглолтоо дан ганц монголдоо бус гадаад дотоодод ажиллаж амьдарч байгаа Монгол үндэстэн даяар дэлгэрүүлье гэсэн бодолтой байдаг. Үүний хажуугаар Өвөрмонголын хэд хэдэн хошуунд очиж энэ тоглолтоо хиймээр байна гээд тоглолтынхоо танилцуулгыг явуулсан байгаа. Хариу нь одоохондоо ирээгүй байна.

-Нууц биш бол шинэ уран бүтээлийнхээ сэдвийг хэлээч?

-Монгол эх орны тухай, нутаг усны, бас нэг хуучны сайхан дууг дуулах бодолтой байна. Бас хайрын сэдэвтэй дуу нэгийг гаргахаар төлөвлөсөн. Ямар ч байсан энэ зундаа багтаагаад гаргана.

-Сайхан яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Таний цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

-Уран бүтээлчид бидний гүүр болон ард түмэнтэй минь ойртуулж өгдөг танай Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэглсэн Холбооны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!