МОНИ УУЛЫН ЭНГЭР ДЭХ ЭРТНИЙ БАДЕКАР ХИЙДИЙН ГЭРЭЛ, СҮҮДЭР...

Өвөр Монголын Бугат хотоос 54 км-т орших, 300 орчим жилийн түүхт Бадекар Зуугийн тухай Өвөр Монгол зурагчдын гэрэл зургын үзэсгэлэн Улаанбаатар хотын Соёлын төвийн зүүн хойд жигүүрт орших Театрын музейд нээгдэв.

Үзэсгэлэнг нээж Бугат хотын Гэрэл зурагчдын холбооны дарга Хэ Шо Хуа, МУСГЗ, гэрэл зурагчин С.Цацралт, МГЗНХ-н нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар хоёр орны гэрэл зурагчдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж буйг тэмдэглэж урамын үгээр мялаав.

"Тал нутгийн ган болдын хот"-ын Зурагчдын холбооны дэд дарга Н.Гэрэл тэргүүтэй 20 зурагчин 64 уран бүтээлээ үзэсгэлэнд дэлгэжээ. Тус үзэсгэлэнгийн гол нэгэн зохион байгуулагч, Монгол Улс, өвөр Монгол хоорондын соёлын амьд гүүр болсон, монгол зан заншил, түүх соёлоо гаргууд мэддэг, нандигнан хүндэлдэг "малчин" зурагчин С.Цэнгэлбаяр яриа хөөрөөг хөрвүүлсэн юм.Бадекар хийд Мони уулын энгэрт хөндлөөшөө наалдан орших агаад төв танхимууд нь уул өөд өгссөн этгээд байрлалтай. Төвд хийцийн энэ хийд 3 нэртэй. Монгол нэр нь Вуданг бол хятад нь Гуанжуэ, харин Төвд нэр Бадекар нь "цагаан цээнэ" гэсэн үг ажээ... Угтаа бол Чин улсын Цянлунь хааны үед монголчуудад зориулж тэднийг номотгох үүднээс барьсан түүхтэй юм байна.

Тиймдээ ч Өвөр Монголын хамгийн том хийд ба 1980 оноос аялал жуулчлалын үндсэн нэг чиглэл болж, 1996 оноос түүнийг түүх соёлын гол төв хэмээн зарлан үндэсний тусгай хамгаалалтад авч, 2001 оноос эргэн тойрон газрыг нь үндэстний хүрээлэн хэмээн зарлажээ. Бугат бол 2,2 сая оршин суугч бүхий Өөртөө засах орны аймгийн зэрэглэлтэй хамгийн том, бас Дундад улсын газрын ховор элементийн 90%-ийг хангадаг хамгийн баян хот учир "Тал нутгийн болдын хот" алдар хүртсэн түүхт хот ажу... Тэрбээр 39 мянган суудалтай Олимпийн спортын төв цэнгэлдэхээрээ алдартай ба Бээжинтэй төмөр зам, Бээжин, Хонгконг, Шанхайтай шууд нислэг, нийслэл Хөх хоттой Хубао буухиа галт тэргээр холбогдсон нэн сайн дэд бүтэцтэй хот юм.Харин энэ үзэсгэлэн бол Монгол улсын Талын зам, Дундад улсын Цайны замд нэгэн жим нэмсэн сайн үйл боллоо.

Б.Содномжамц