Гурван улсын эдийн засаг, инновацийн гол зангилаа хот манжуур

Ц.МЯГМАРБАЯР

БНХАУ-ын  Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн баруун хойно орших Манжуур хотыг зүүн хойд азийн орнуудын эдийн засгийн том төвлөрөл бий болно хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Сибирь, алс Дорнод ОХУ-ын байгалийн асар их баялагийг түшиглэсэн эдийн засгийн ачаа эргэлт, тээвэр зуучлал ложистикийн боомт хот болох, хамгийн том зангилаа цэг нь  Манжуур юм. Тодотгож хэлбэл, Монгол, Хятад, ОХУ гэсэн  гурван улсын хилийн уулзварт Манжуур хот байрладаг. ОХУ-тай хойд талаараа 54 км урт хилээр хиллэдэг. Орос хүн манжуурт ирэхээрээ гэртээ ирсэн юм шиг болдог бол Хятад хүн гадаад оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг хэмээн Монголоос ирсэн жуулчид хошигнодог аж. Зам, дэд бүтэц дагаж хөгждөг гэдгийг Манжуур хотоос харж болно. Орос-Хятад, Солонгос- Хятад, Япон-Оросын европ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт Манжуур хотоор дайрч өнгөрдөг. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд тус хотод “Нэг бүс-нэг зам” эдийн засаг, инноваци технологийн олон улсын хурал боллоо. Тус чуулганд анх гурван улс оролцдог байсан бол энэ жилээс Солонгос зэрэг арван орон оролцож жилээс жилд өргөжиж байгаа юм байна. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд Хятад, Мон­голын шинжлэх ухаан технологийг өндөр төв­шинд гаргах боломж бүр­дэж буйг онцолж байна. Хятад улс инновациар дам­жуулж эдийн засгаа хурдтай хөгжүүлэхийг зорьж байгаа нь тус чуулган, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас хараг­даж байв.15 дахь жилдээ зохиож байгаа чуулганы үеэр Манжуур хотын намын хорооны дарга  Чэнь Лисинь төмөр замын салааг энэ жилийн тухайд  52 болгосон гэж байв. Энэ нь Хятад улс тээвэр ложистикийн хөгжилд өндөр ач холбогдол өгч байгааг гэрчилж буй юм. Өөрөөр хэлбэл, европ руу гарах гол зах зээл үүгээр дамжин өнгөрч байна.

Оросын байгалийн баялгийн хэрэглэгч нь Солонгос, Япон улс. Тиймээс Манжуур 100 жилийн тэртээгээс эдийн засгийн гол зангилаа нь байсаар иржээ. Түүнчлэн БНХАУ-ын удирдагч  Си Жиньпинийн дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” хөтөлбөр үүгээр дамжиж хэрэгжих аж. Манай улс энэ замд хамрагдаж буй орон. Хятадын Засгийн газар 1992 онд  олон улсын худалдааны чөлөөт бүс, боомт хот болгох зорилгоор Манжуурыг Хөлөнбуйр аймгаас салгаж  бие даан хөгжих бо­ломжийг ийнхүү хан­гажээ. Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний хүрээ­лэнгүүд оролцдог бай­сан  уг үзэсгэлэн хүрээгээ тэлж, бизнес, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, компа­ниуд оролцдог бол­сон тухай зохион байгуу­лагчид хэлж байна. Үүгээр бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжиж буйг илтгэж байв. Уг чуулганы санаачлагчийн нэг нь Монгол Улс. Тиймдээ ч 15 жилийн турш тасралтгүй оролцож байна. “Өнгөр­сөн жилээс эхлэн шинж­лэх ухааны олон дэвшил­тэд технологи, инноваци нэвтрүүлэх, хөрөнгө босгох чиглэлээр гарааны компаниуд оролцдог болсон. Дөрвөн компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгө босгох гэрээнд гарын үсэг зурсан. 42 гарааны  компаниас шалгарсан 16 компани энэ жил оролцож байна”хэмээн Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал ярьж байна.


ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал

Түүнчлэн бүс нутаг дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Тухайлбал, Хөлөнбуйр, Хайлаар хотын их сур­гуу­лиудад  оюутан солилцооны хөтөлбөрийг хоёр орны БСШУСЯ хэрэг­жүүл­сэнээр одоо­гоор 100 гаруй оюутан суралцаж байна. Хилийн хамтын ажиллагаа сайжирч Манжууртай хил­лэдэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудын ху­далдаа, бизнес эрхлэгчид  үзэсгэлэнд жил бүр оролцож  түншлэгчээ олох, хил орчмын худал­дааны  хүрээ тэлсээр буй. Цаашдаа  манай зүүн аймгуудын  холимог металь  болон нефьт, ураны ордыг хамтран ашиг­лах сонирхол байгаа гэдгээ Хятадын тал илэрхийлдэг аж. ОХУ-ын Чита мужийн дарга чуулганы үеэр “ Манай импортын тат­вар өндөр учраас Хятад манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээ бага байна. Харин Монгол, Хятад хоёр орны хувьд шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа нь манайхаас илүү өргөн болсон байна” хэмээн он­цолж байв.


БСШУСЯ-ны сайдын зөвлөх Б.Ганбат

Харин манай БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат “БНХАУ-ын шинжлэх ухааны яам манай БСШУСЯ сүүлийн дөрвөн жил хамтарч ажилласнаар жилд гурав орчим тэрбум төгрөгийн мал эмнэлэг, эрчим хүч, хөдөө аж ахуйн судалгааны  төслийг хамтарч хэрэгжүүлсэн. Оросууд манай хоёрын хамтын ажиллагааг сон­соод ихэд гайхаж байсан. Манай эрдэмтэд хийж чад­даггүй судалгаа туршилтын ажлаа Хятад улсын лаборторид хий­дэг. Үр дүнгээ хувааж ашиг­лаж байна. Инновациа бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байна. Эдгээр бүтээлүүд үзэсгэлэнд тавигдсан. Харахад хуруу шилтэй зүйл ч, асар үнэтэй оюуны бүтээл. Цаашдаа улам өргөжиж тэлнэ. Тус арга хэмжээнд Манжуур хотын намын хороо, удирдлагууд өндөр ач холбогдол өгч оролцдог юм байна” гэж ярьлаа.


Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing

Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing “Нэг бүс-нэг зам” эдийн засаг инноваци технологийн  олон улсын хуралд оролцсон. Тэрээр “Нэг бүс-нэг зам” дагуу орнуудтай шинжлэх ухаан инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар улс орны эдийн засаг, худалдааг эрчимжүүлэхийг зорьж байна. Шанхайн хамтын ажиллагааны зорилтын хүрээнд гурван орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж байна. Энэ чуулганы  мөнхийн оролцогч нь Монгол Улс. Тиймээс манай хоёр орны эрдэмтэд инновацийн шинэ нээлт олныг хийсээр байна, хийх л болно” хэмээсэн юм. Манай эрдэмтэд хөрсийг чигшүүлдэг полимор инновацийн шинэ бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байв. Манай улсаас ШУТС-ийн эрдэмтэд болоод Дорнод, Хэнтий, Нийслэлийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч  200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганы үеэр Монгол, Хятадын эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.


Дорнод аймгийн Чойбалсан хотын ЗДТГ-ындарга Д.Хандсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин