Р.Амаржаргал: Манай намын рейтинг өссөн үзүүлэлттэй байгаа

Ардчилсан нам /АН/-ын гишүүн Р.Амаржаргалаас АН-ын шинэчлэл, ҮЗХ-ны хуралтай холбоотой асуудлаар ярилцлаа.

-Сайн байна уу? Та сонгуулиас хойш юу хийж байна вэ?

-Сайн байна уу? Сонгуулиас хойш амралтын байдалтай байлаа. Гэвч олон жил холбоотой байсан зүйлээс шууд хөндийрнө гэж байхгүй л дээ. Эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хүндрэлээс гарах арга замуудын талаар санал бодлоо хэлэх болон зарим холбогдолтой газруудад лекц уншиж, нийтлэлүүд бичиж байна даа. Хамгийн сүүлд эдийн засгийн коридорын асуудлаар БНХАУ-ын Инчуан хотод зохиогдож буй 1 бүс, 1 зам төслийн хэлэлцүүлэгт оролцохоор бэлтгэж байна.

-ҮЗХ хуралдаж чадахгүй байсаар орон нутгийн сонгуулийг өнгөрөөх нь. Уг нь бол орон нутгийн сонгуулиас өмнө хуралдаж, хөдөө орон нутгаас ирсэн гишүүд төлөөлөгчдөөсөө тулгамдаж буй асуудлыг нь сонсоод авах хэрэгтэй байсан юм биш үү?

-ҮЗХ хуралдаагүй удаж байна. Энэ удаад ч хуралдаж чадахгүй болов уу гэж бодож байсан тэр зургаар л боллоо. Хурал, дарга сонгох зэрэг дотоод зохион байгуулалтын зарим асуудлууд шийдэгдэхгүй байгаа ч гэсэн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам хангалттай бэлтгэж, боломжийн нэр дэвшигчид илгээсэн гэж үзэж байгаа.

-ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа шалтгааныг хүмүүс олон янзаар харж байна. Нэг хэсэг нь намын даргын асуудлаа шийдэж чадахгүй байгаа учраас хуралдаж чадахгүй байна гэх юм. Нөгөө хэсэг нь орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээчихвэл дахиад хариуцлагын тухай асуудал яригдах учраас хойшлууллаа гэх. Таны бодлоор?

-Нэг талаасаа удаан хугацаанд хуралдаагүй байгаа учраас зохион байгуулалтын асуудлууд байдаг байх. Нөгөөтээгүүр хурлаас өмнө шийдэгдэх ёстой зарим асуудлууд нь шийдэгдэхгүй байж болох юм. Одоо ҮЗХ болоод намын даргыг сонголоо ч гэсэн 12 сард зохиогдох намын их хурал шинэ даргыг дэмжих ёстой.

-ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа нь орон нутгийн сонгуулийн дүнд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол зарим гишүүдийн дунд байна. Өөрөөр хэлбэл, АН УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 50 орчим хувийн санал авсан. Гэтэл одоо АН-ын шинэчлэл гэх дорвитой зүйл олон нийтэд мэдрэгдэхгүй байгаатай холбоотой сонгогчдын итгэл алдрах бий гэсэн болгоомжлол байна. 

Одоо ҮЗХ болоод намын даргыг сонголоо ч гэсэн 12 сард зохиогдох намын их хурал шинэ даргыг дэмжих ёстой.

-Сүүлийн үеийн судалгаагаар манай намын рейтинг өссөн үзүүлэлттэй байгаа.  Энэ нь эрх баригчдын бодлоготой холбоотой байж болох юм. Би өмнө нь хэлсэн ҮЗХ-ны үр дүнгээс хамааралгүйгээр Ардчилсан нам сонгуульд оролцдогоороо оролцох болно, сонгуульд намаа удирдан ажиллах хүмүүс нь тодорчихсон ажлаа эхэлчихсэн байгаа гэж ойлгож байгаа.

-Тэгвэл та АН-аа гацаагүй ажилладаг, ядахдаа хурлаа хэвийн явуулдаг болгож шинэчлэхийн төлөө эн түрүүнд юу хийх ёстой гэж үзэж байна вэ?

-ҮЗХ-г ард түмнээсээ мандат авсан, тэднийг төлөөлж буй хүмүүс л бүрдүүлж байх нь тэндээс гарсан шийдвэрүүдийг далайцтай, хэрэгжих боломжтой болгоно. Тийм учраас нэн түрүүнд зарчмын зүйлсээ тохирч дүрмээ тодорхой, ойлгомжтой болгох ёстой. Энэ нь намын удирдлага, намын дэмжигч гишүүдийн зайг улам их ойртуулж өгөх учиртай юм.

-АН-ын гишүүд дүрмээ мөрддөггүй гэж шүүмжлэх хүмүүс олон бий. Харин үүнийг зөвтгөх ганц тайлбар нь дүрэмдээ шинэчлэл хийх цаг болсон гэдэг. Тэр ч утгаараа Их хурлаар шинэ дүрмээ батална. Гэтэл дахиад л дүрмээ мөрдөхгүй байвал яах вэ?

-Намын дүрэмд нийт гишүүдийн үзэл санаа туссан байх нь чухал шаардлага. Үүн дээр өмнө нь хэлсэнчлэн хурлын шийдвэр гаргах бүрэлдэхүүн ард түмнээ төлөөлж чадах, мандат авч хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх нь дүрмийг илүү хүртээмжтэй, чанартай болгоно. Мөн маш тодорхой, ойлгомжтой байх хэрэгтэй байгаа юм. Намын дүрмийг, намыг өөрийг нь шинэчилье гэж нэг дуугараад маргааш нь шинэчлэгдэнэ гэж байхгүй, нам өөрөө байнга шинэчлэгддэг байгууллага байх ёстой. Нөгөө талаасаа нам гэдэг байгууллага нь өөрөө институтийн чиг хандлагаа үргэлж барьдаг, ҮЗХ, Их хурал зэрэг зүйлсээсээ хамааралгүй үндсэн чиг бодлогоо өөрөө хийгээд явах чадвартай байх шаардлагатай, энэ тал дээр манай нам гэлтгүй эрх барьж буй Ардын намын нөхөд ч их хойрго хандсан нь өнөөгийн улс төрийн хямрал, төрд итгэх ард иргэдийн итгэл суларч байгаатай шууд хамаатай гэж бодож байна.

-Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар  өнгөрсөн парламентад нэлээд хүчтэй ярьсан. Гэвч ажил болгож чадаагүй.

-Тийм ээ, цаг үе нь таарсангүй. Нөгөө талаараа энэ ажлыг явуулахыг хүсээгүй хүмүүс нь илүү давамгайллаа гэж харсан.

Үндсэн хуулийн шинэчлэлийн агуулгыг нь нийтэд сонсгосон, дийлэнхээс нь дэмжлэг авсан ийм л тохиолдолд өөрчлөлт орох ёстой.

-Хэрэв энэ Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихвал нэг намын эрх ашиг агуулсан гэх шүүмжлэлээс хол байж чадах уу?

-Нэгдүгээрт, Үндсэн хууль өөрөө Монголын нийт ард түмний эрх ашгийг хамгаалагч болохоос намын зэвсэг биш юм. Нам, төрийн дээр гарах ёсгүй, ардчиллын үндсэн зарчмаа хадгалах ёстой. Үндсэн хуулийн шинэчлэлийн агуулгыг нийтэд сонсгосон, дийлэнхээс нь дэмжлэг авсан ийм л тохиолдолд өөрчлөлт орох ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль гэдэг өөрөө нийт ард түмний эрх ашгийг хамгаалагч учраас, энэ нь байн байн өөрчлөгдөөд байдаггүй, урт хугацаатай, холын тусгалтай байх учиртай.

-Ардчилсан намын уур амьсгалыг эвдэх ганц зүйл нь фракцын зөрчил гэж тодорхойлох хүмүүс байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Фракцуудын зөрчил гэхээс хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн зөрчил гэж нэрлэвэл илүү зохистой болов уу. Энэ нь өөрөө фракцуудыг хоорондоо түнжин муутай мэт харагдуулах гол үндэс болоод байна. Миний дээр хэлсэнчлэн намын удирдлага өөрөө дотоод институтээ хэт орхигдуулсан нь олон нийтэд одоо төрүүлээд байгаа ойлгомжгүй байдлын гол суурь болсон. Ер нь фракц гэдэг ойлголтоо эргэн харж, фракцын үйл ажиллагаа нь намыг бэхжүүлдэг байхаар зохион байгуулах арга замыг эрэлхийлэх, нэгдсэн нэг том зорилтыг хэрэгжүүлэхэд өрсөлдсөн, зохион байгуулалтын нэгж болгон өөрчлөх талаар нэг бодоод үзэхэд илүүдэхгүй. Фракц гэдэг нь өөрөө намыг дэмжих зорилготой бүлэг байх ёстой. Маш хүчирхэг зохион байгуулалттай, өөр өөрсдийн чадамж чадвартай, бүлгүүд байх ёстой юм.

Сонгуулийн ялагдлын тухайд хувь хүн намын гишүүнийхээ зүгээс дүгнэн хэлэхэд, намын удирдлагууд гишүүдээсээ хөндийрсөн, эрхэм түшээд ард түмнийхээ амьдралаас хэт холдсон нь сонгуулийн ялагдлын том шалтгаан болсон болов уу.

-Та өмнө нь АН-аа шинэчлэх асуудлаар захиа бичиж, намынхаа болохгүй зүйлийг хатуу шүүмжилдэг УИХ-ын гишүүн байсан. Гэвч сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Ялагдал хүлээх болсон гол шалтгаан нь юу байв?

-Ер нь миний ярьж хэлж байсан шүүмжлэл бол намд байгаа алдаа дутагдлыг засаж залруулах зорилготой байсан. Өөрөөр хэлбэл, нам, намын удирдлагууд алдаа хаана байгааг хараасай, энэ алдаа, эндэгдлийг засаж залруулаасай гэж хүссэн. Харамсалтай нь, хүмүүс үүнийг шүүмж гэдэг талаас нь хэтэрхий их өлгөн, алдаа дутагдлаа засахын төлөө биш намаа гоочиллоо, мууллаа гэдэг утгаас хандсан нь жаахан гунигтай. Сонгуулийн ялагдлын тухайд хувь хүн намын гишүүнийхээ зүгээс дүгнэн хэлэхэд, намын удирдлагууд гишүүдээсээ хөндийрсөн, эрхэм түшээд ард түмнийхээ амьдралаас хэт холдсон нь сонгуулийн ялагдлын том шалтгаан болсон болов уу. Улс төрч хүний үүднээс харах юм бол улс төрийн буруу бодлого, хэн нэгэн хүнд зориулж сонгуулийн хуулийг өөрчилсөн нь ардчилсан намыг ялагдах гол шалтгаан боллоо гэж дүгнэмээр байна. Нийт сонгуульд оролцсон, Ардчилсан намын төлөө саналаа өгсөн, сонгогчдын хувиараа аваад үзэх юм бол бид тэгтлээ ч бас хол ялагдаагүй юм шүү. Мөн намын дотоод ардчиллын хэрэгжилтийг хангах чиглэлд туйлын хангалтгүй хандсан нь ялагдалд нөлөөлсөн.

Эх сурвалж: www.news.mn