Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар маргалдаж зодолдон нэгнийхээ аминд хүрэв


Зам тээвэр, хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ын амь насанд халдсан хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарсан.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Зам тээврийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага өчигдөр /Пүрэв гарагт 2018.08.09/ 21:45 минутад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт очиж шалгахад эрэгтэй Г нас барсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байна. Хохирогч болон хэрэгт холбогдсон хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэв.

Хэрэг гарсан өдөр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар 21 цагийн үед яамныхаа үүдэнд маргалдан зодолдсоны улмаас Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М гэгч нь Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ын амь насыг бүрэлгэсэн хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан байна.
Сэжигтэнийг нэг сар цагдан хорих шийдвэр шүүхээс гаргасан байна.