Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна

Онцгой Байдлын Ерөнхий Газраас өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2016-2017 оны өвөл цас их унан хүйтэрч, өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа ажээ.  Энэ жил нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага сайн байгаа ч хадлангийн газар усанд автсан, тухайн газарт элс, шороо ихээр хуримтлагдсан учраас хадлан, ургац бага хураагдах эрсдэлтэй байгаа юм байна. Энэ зэргийг харгалзан үзэж, өвөлжилтийн бэлтгэл ажилд тайвширч хандаж болохгүйг ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа сануулж байна.

 

Тэрбээр “2016-2017 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учраас иргэд, малчдад өөрсдийн хүн хүч, бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлж, хаваржуулах, дулаан хувцас, тэжээллэг хоол хүнсний зохицуулалтыг эртнээс хийж, бэлтгэх тал дээр анхаарах шаардлагатайг анхааруулж байна” хэмээв.

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдруүдэд  ихэнхи нутгаар дуу цахилгаантай бороо орохоор байгаа. Гэвч иргэд  жимс боловсорч гүйцэж байгаа энэ үед самар, жимс түүхээр явах нь ихэсч байгаа аж.  Иймд нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарлаа хандуулж иргэдийг жимс түүхээр явуулахгүй байх арга хэмжээг зохион байгуулахыг сануулж байна.

 

Иргэд аюулт үзэгдэл, осолд өртөх явдал нэмэгдэж байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: zaluu.mn