Усны ослоор 93 хүн нас баржээ

Онцгой Байдлын Ерөнхий Газраас үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян нарын албаны хүмүүс оролцлоо.

Энэ жил долдугаар сарын 14-нөөс хойш ихэнх нутгаар хэт халсан ч  зуны туршид нийт нутгаар тогтмол хүчтэй аадар бороотой байв.  Борооны улмаас Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотод нийт 17 удаагийн үер тохиолдсон. Үерт гурван хүүхэд өртөж, нэг том хүн амь насаа алдсан тухай ОБЕГ-аас мэдээлж байна. 2015 онд үерийн улмаас нэг хүн нас барж 55 айл өрх орон гэргүй болж байсан бол энэ тоо 2016 он гарсаар гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

 

Хөдөө орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг дагууд бууж суурьшсанаас үерийн усанд автах тохиолдол их байгаа ажээ. 2016 он гарсаар иргэдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослоор 24 аймгийн 47 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 78 удаагийн тохиолдлоор 62 насанд хүрсэн хүн, 31 хүүхэд, нийт 93 хүн амь насаа алджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд наймдугаар сарын 3-ны өдөр осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. Мөн Булган аймгийн Хангал суманд тавдугаар сарын 29-ний өдөр осолдсон нэг иргэнийг үргэлжлүүлэн эрэн хайх ажлыг гэр бүлийнхнийх нь хүсэлтийн дагуу хийж байна. Тухайн үед эрэн хайх, аврах ажиллагаа 29 хоног үргэлжилсэн ч олдоогүй аж.

Эх сурвалж: Zaluu.mn