Өнөөгийн Орос гүрнийг үндэслэгч-эх нь Монгол Улс юм

ОХУ-ын улстөр судлаач Станислав Белковский 

ОХУ-ын Төрийн Дум өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын төлөх ёстой их өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг хүчингүй болгож, үлдсэн гурван хувь буюу 3.8 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газрыг 30 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ. Эдийн засгийн энэ хүнд үед Монгол Улс ОХУ-д нэг сарын дотор 3.8 сая ам.доллар буюу 7.6 тэрбум төгрөг төлөхөөр болов. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед ОХУ-д төлөх ёстой их өрийн 98 хувийг "тэглэж”, үлдэгдэл хоёр хувь болох 250 сая ам.долларыг нэг удаагийн шилжүүлгээр ОХУ руу шилжүүлж их өрийг тэглэсэн хэмээж байсан юм.

Ямартай ч, ОХУ Монгол Улсын их өрийг хүчингүй болгосон хуулийн төсөл баталсныг тус улсын иргэд, улстөрчид янз бүрээр ярьж, ярианы сэдэв болжээ. Тэр дундаас улстөр судлаач Станислав Белковский болон Төрийн Думын сөрөг хүчний депутат Дмитрий Гудков нарын цахим ертөнц дэх маргаан ихээхэн хүмүүст хүрч байна. Төрийн Думын гишүүн Д.Гудков Монгол Улсын төлөх ёстой их өрийг цуцалсанд ихэд бухимдаж, "Монгол Улсын өрийг тэглэж, Хятад Улсад арлаа бэлэглэж буй ОХУ-ын өнөөгийн эрх баригчдын үйлдлийг ерөөсөө ойлгохгүй байна.

Монгол Улс юугаараа Украинаас илүү юм. Баруун хөршөө өрөө төл хэмээн шаардах мөртлөө өмнөд хөршийнхөө толгойг илээд байх юм” хэмээжээ. Үүний хариуд ОХУ-ын улстөр судлаач Станислав Белковский "Монгол Улс Украинаас хавьгүй илүү болоод өрөө хасуулж байгаа юм” гэв. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Эрхэм найзууд, үзэл бодол нэгт нөхдөө Та нарын асуусан асуултанд хариулья” хэмээж байгаад "Монгол яагаад Украинаас илүү юм бэ гэлүү, би бодохдоо энэ бол маш тодорхой зүйл. Монгол бол орчин үеийн Орос гүрнийг үндэслэгч-эх нь юм. Харин Украин бол хар дарсан зүүд шиг улс” хэмээжээ.