2020 онд сонгогчдын саналыг татахын тулд орон нутагт 144 тэрбум төсөвлөсөн үү

Ирэх оны төсвийн тухай хуульд Орон нутгийн хөгжлийн санд нийт 144 тэрбум төгрөг суулгаж өгөхөөр төсөвлөгдөөд буй. Өнгөрсөн онд уг дүн 56 тэрбум төгрөг байсан билээ. Тиймээс ч сонгуулийн жилийг угтаж, МАН-ын орон нутаг дахь жижиг дарга нарыг мөнгөөр лоббидох оролдлого гэх шүүмжийг гишүүд хэлж байгаа юм.

Тухайлбал, Д.Эрдэнэбат гишүүн “Орон нутагт эрх мэдэл олгох, шаардлагатай санхүүжилтүүдийг өгч явах нь зарчмын хувьд зөв. Гэхдээ орон нутагт эзэнгүй мөнгө төсөвлөж огт болохгүй. Зарцуулалт нь яг тодорхой заагдсан байх ёстой. 144 тэрбум  гэдэг чинь бага мөнгө биш. Орон нутгуудын дийлэнх олонхид МАН ялалт байгуулсан.

Тиймээс ч их мөнгө хуваарилах замаар сонгуулийн өмнө орон нутгийг санхүүжүүлж байгаа хэлбэр болоод хувирчихаж байгаа юм биш үү. 2020 оны сонгуульд сонгогчдын саналыг татахын төлөө лобби хийсэн, мөнгөний сүлжээний тараалт руу орчих юм биш биз дээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь анхаарал татаж байна.

Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2019 оны төсвийн нэг томоохон өөрчлөлт нь хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн явдал юм. Учир нь орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн нүүдлийг багасгах, ард иргэдийн амьдрахад таатай орчинг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмсэн. Үүнээс гадна орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний орлогуудыг тэнд нь үлдээж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ.

Нэг талд сөрөг хүчний зүгээс “Яг эзэнтэй зүйл мөнгийг зарцуулах хэрэгтэй” гэж байгаа бол эрх баригч намынхан “Орон нутагт өгдөг мөнгөө нэмэгдүүлэх ёстой” гэсан байдлаар асуудалд хандаж байгаа юм.  

Ирэх оны төсөвт 2 их наяд орчим төгрөгийг нийгмийн чанартай ажлуудад зарцуулахаар төсөвлөсөн. Гэвч томоохон бүтээн байгуулалтууд орхигдсон, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдээгүй. Улмаар өдрийн хоол хөтөлбөрийн төсвийг нэмэгдүүлэх чиглэлд 20 гаруйхан тэрбум төгрөгөөс  “гар татсан” гэх шүүмжлэл хөвөрч байна.