Б.АНХБОЛДЫН МӨРӨӨДӨЛ БИЕЛЖ, ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭНД ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛСАН ДОЛОО ХОНОГ

Б.Анхболд, М.Түмэнжаргал нар хуримаа хийж, мөрөөдлөө биелүүллээ

Энэ сарын 24-нд буюу намрын дунд сарын шинийн 15-ний билэгт сайн өдөр манай нийтлэлийн маань гол баатар Б.Анхболд, М.Түмэнжаргал нар хуримаа хийж, гэрлэлтээ баттууллаа. 

Хуванцар сав, лааз түүж бор хоногуудыг өнгөрүүлж ирсэн Б.Анхболд амьдрал хэцүү байна гээд бор дарсанд ороогүй, эхнэр хүүхдээ хайр халамж, энхрийллээр дүүрэн өсгөж байсан нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж чадсан. 

Манай сайтад аав хүү хоёрын талаарх сурвалжлага гарч, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд Б.Анхболдод туслах аян эхлүүлсэн тэр өдрөөс Б.Анхболдын амьдралд гайхалтай үйл явдлууд тохиолдож эхэлсэн юм. 

Айлын хашаанд толгой хоргодож байсан тэд сайхан сэтгэлд Монголчуудын буянаар өөрсдийн гэсэн хашаатай болж, өргөө цагаан гэрээ бариад авав. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группын гишүүд өчигдөр Б.Анхболдын гэрийг барьж өгч, шөнийн 23.00 цагийн алдад дууссан юм. 

Янданд утаа шүүгч суурилуулахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Онцлоход агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулав. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавих төсөв хасагдаж байна гэсэн үг юм.

Мөн өчигдөр /2018.10.26/-нд болсон чуулганы хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой асуудлыг гишүүд хэлэлцэв. 

Сурагчдын амралт эхэллээ

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагдсан. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Тодруулбал, сурагчдын амралт өчигдрөөс эхэлсэн юм.

Талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Улмаар СХД-ийн зургадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 22.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлтөд хамаарах дээд хязгаарыг 1 м2 талбайтай өвлийн хүлэмжид 0.768 квт/цаг хүртэл хэмжээгээр тооцож, төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр болов.    

Мөн “Төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталлаа. Шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын хандив, зээл, тусламж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргах юм байна.

http://www.zaluu.com/read/2bcdd5544 Т.Гэрэл