Хуурамч шатахуун бидэнд ямар хохирол учруулж байна вэ

Монголд Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооноос анх мэдээлэл хийснээс хойш хагас жил гаруйн хугцаа өнгөрчээ. Тэгвэл хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулган дээр, “Гишүүдэд танин мэдэхүйн зүйл хэлье” хэмээгээд хуурамч шатахуун үйлдвэрлэдэг компаниудыг нэр цохон зарлав. Мөн өнгөрсөн даваа гарагт “Өдрийн сонин” дээр гарсан нийтлэлд хуурамч шатахуун найруулж зардаг бизнест манай хил гаалийнхан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн томоохон албан тушаалтнууд, хуурамч шатахуун үйлдвэрлэгч компаниудын эзэд, хөдөө орон нутагт худалдан борлуулалт хийдэг шатахуун түгээх станцын эзэд гээд нэлээд том сүлжээ ажилладаг гэж бичжээ.

ХУУРАМЧ ШАТАХУУН ГЭЖ ЮУ ВЭ?

Ираны хориг, ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн байдал гээд биднээс үл шалтгаалах нөхцлөөр шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байна. Тиймээс ч манайд өнөөдөр шатахуун орон нутагт литр нь 2000 төгрөг давлаа. Гадаад үнээс гадна шатахуунаа монголчууд бид америк доллараар ОХУ-аас авдаг. Долларын ханш сүүлийн таван жил буурсангүй. Тиймээс шатахууны үнэ өсөх нь гарцаагүй байдал байв. Дээр нь импортоор авч буй шатахууны тонн тутамд нь хилийн үнэ, татвар, Онцгой албан татвар зэрэг татварууд нэмэгдсээр үнэд нөлөөлдөг.  Шатахууны үнэ өсөх нь мэдээж ард иргэдэд хүнд тусна. Харин үнээ нэмэхээс аргагүй болсон импортлогчид, өндөр үнээр шатахуун авахыг хүсэхгүй байгаа иргэд энэ хоёрын дунд хуурамч шатахуун үйлдвэрлэгчид “тоглолт” хийж байна.

Хуурамч шатахуун үйлдвэрлэгчдийн хувьд улсад ямар нэгэн татвар төлөхгүйгээр хэдэн зуун поошик химийн бодис оруулж ирдэг. Авчирсан бодисуудаа багахан хэмжээний шатахуун түлшинд хольдог тул үнэ нь энгийн шатахуунаас хямд байдаг аж. Тэгээд зогсохгүй хуурамч шатахууныг найруулахад хийдэг керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц зэрэг 22 нэр төрлийн бодисоо бүгдийг нь улсын хилээр ямар нэгэн гаалийн болон бусад татвар хураамж төлөхгүйгээр оруулж ирдэг байна.

Хуурамч шатахуун хийх технологийн хувьд тусгайлан угсарсан, хутгагч сэнс бүхий том торхонд найруулдаг. Хэн ч харахад ердийн шатахуунтай адил өнгө, үнэртэй. Хэрэглэгч банкиндаа шахуулж аваад явахад ч машинд төдийлөн өөрчлөлтгүй санагдана. Гэвч ингэж хольж шингэлж гаргасан шатахуун машины карибрятер, поршинг маш хурдан муудуулж, нэгээс хоёр жил унахад л доголдол үүсч, машин эвдэрдэг байна. 

Товчхондоо хуурамч шатахуун гэдэг нь дизелийн түлш дээр керосин нэмж арвижуулдаг бол, энгийн шатахуун дээр нафта нэмж арвижуулан зарж байгаа хэрэг юм. Энэ бол цагаан идээний наймаачид сүү айргийг шингэлж, молоко мэтийн юм хольж зардаг шиг л увайгүй үйлдэл гэдэг нь ойлгомжтой.

МАШИНАА ХАЙРЛАХГҮЙ ЮМ БОЛ ЯДАЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАЙРЛАЯ

Энгийн шатахуунаас хэд дахин хортой, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нэл химийн бодис болсон шатахуунаар тэжээгдсэн машины мотор мэдээж богино насална. Яахав машин эвдэлдэг нь дүүрч гэхэд хүний эрүүл мэнд, байгаль экологид ноцтой хохирол учруулахыг Химийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Монхообор ярьж байна. Машины яндан доор байрладаг нь хорт бодис, хүнд металуудыг хүний амьсгалаас доогуур байлгах зориулалттай. Харин хүүхдүүд нуруу намхан тул энэ хорт агаараар амьсгалахад хүрдэг. Тиймээс бага насны хүүхдээ замын хажуугаар явахдаа өргөж явахыг эмч нар зөвлөдөг.  Тэгэхээр хуурамч шатахуун нь улсад татварын орлого оруулдаггүй, машин эвдэлдэгээс гадна бидний үр хүүхдийн ирээдүйд заналхийлж байна.

Одоо мэдэгдэж байгаагаар хуурамч шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг 22 нэр төрлийн бүтээгдэхүүнээс цөөн хэдийг нь техникийн зориулалтаар оруулж ирдэг байв. Гэтэл сүүлийн хэдэн жил тэр хэрэглээнээс нь давсан их хэмжээний бодис хилээр хяналтгүй, татваргүй орж ирж байгаа нь яах аргагүй хуурамч шатахуун найруулахад ашигладаг нь илэрхий юм. Ер нь химийн бодис ингэж хиллээр татваргүй оруулж ирэхийг хуулиараа зөвшөөрсөн улс манайхаас өөр байхгүй биз. Керосин, хөнгөн фракцийн бензин буюу нафта, дистиллят, нүүрс-устөрөгчийн хольц гэх мэт 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрхэн ашигладаг талаар мэргэжлийн байгууллагууд нэг ч удаа шалгалт хийж байгаагүй аж.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлж буйгаар “Трафигура” гэж компани “ICIC” компаниар дамжуулан хуурамч шатахууны гол түүхий эд болох 68700 тонн керосиныг оруулж ирсэн байна. “Трафигура” гэж компанийн талаар судлахад Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос энэ компанийг хуурамч шатахуун зардаг талаар зарлаж байсан удаатай.  Харин “ICIC” хэмээх компанийг хайж үзэхэд ХУД-т Яармагийн гүүрний хойно байрлаж шатахуун зардаг байсан “орос колонк” гээч нь болохыг medee.mn сайтад энэ оны 4 дүгээр сарын 20-нд гарсан “Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ” нийтлэлээс харж болно.

ХИМИЙН БОДИСНЫ ИМПОРТЫГ ТӨР АНХААРЪЯ

Нэгэнт нисэхийн салбарт авиакеросиныг ашиглахын тулд татваргүй оруулж ирдэг юм чинь үүн дээр авиа компаниуддаа хэрэглээний квот өгчихөж болно. Квотынхоо дагуу хяналтаа ч тогтоочихно. Харин бусад тодорхойгүй зориулалтаар оруулж ирдэг керосин тэргүүтэй хуурамч шатахууны гол орц бодисуудад татвар тавихад л хуурамч шатахуун үйлдвэрлэгчид ашиггүй ажиллаж эхлэх тул яваандаа энэ төрлийн ажил зогсох боломжтой. 

Багахан тооцоо хийе. Өнөөдөр шатахуун импортлогчид хойд хөршөөс нэг тонн дизелийн түлшээ 650 ам.доллараар авчирдаг, энэ нь Хилийн үнэ юм. Харин хуурамч шатахууны гол түүхий эд керосин тонн нь 520 ам.доллараар орж ирж байгаа. Үнийн зөрүү нь 130 ам.доллар. Монгол мөнгөөр 332 мянган төгрөг гэсэн үг. Дунджаар жилд 120 мянган тонн керосин Монголын хилээр орж ирж байгаа. Энэ нь 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татвар, хууль хяналтынхны хараан доогуур өнгөрч байгаа гэсэн үг. Ийм олон тэрбум төгрөгийн зөрүү гаргаж чадна гэдэг баргийн хүний хийх бизнес биш. Магадгүй Шатахуун хэрэглэгчдийн холбооныхны хардаж буйгаар ард нь улс төрийн нөлөө бүхний хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Дүгнэж хэлбэл энэ асуудал дээр хууль тогтоогчид, салбарын яам, агентлагууд анхаарах цаг иржээ. Жишээ нь энэ асуудал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тайлбар өгөх ёстой. Нэгэнт л хуурамч шатахуун Монголд үйлдвэрлэж байгаа нь тодорхой байна. Харин шатахуун импортлогч компаниуд Оросоос тэдний үнээр стандартын шаардлага хангасан шатахуун авч зарж байхад нөгөө талд хэн дуртай нь татваргүй оруулж ирсэн бодисоо найруулж хямд шатахуун зарна гэдэг зах зээлийн дагуу хийгдэх бизнесийн өрсөлдөөн яав ч биш.