Ерөнхий сайдыг Владивостокын эдийн засгийн форумд урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович уулзлаа. Элчин сайд И.К.Азизов Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсээд Монгол Улсыг эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад ОХУ-ын зүгээс туслах, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хоёр талын эдийн засгийн харилцааны чиглэлд шийдэгдээгүй зарим асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдах Владивостокын эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг оролцохыг хүслээ. Ерөнхий сайдыг Владивостокын эдийн засгийн форумд урилаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “ОХУ-тай харилцах улс төрийн болон эдийн засгийн түншлэлийн уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн эрчимжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхаарч, идэвх, санаачилгатай ажиллах болно. Үүний тулд хоёр талын эдийн засгийн харилцаанд шийдэгдээгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана гэж мэдэгдэв. Мөн тэрээр манай хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, Монголын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд экспортлох таатай нөхцөл бүрдүүлж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.