# НЭГДЭЕ

 

Монгол Ардын Намын гишүүд ээ, журмын нөхөд өө, зорилго нэгт андууд аа!

Улс орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшлээр Монгол Улсын Тусгаар Тогтнолын баталгаа болсон энэ намд элссэн 200 гаруй мянган гишүүд ээ...

Монгол Улсын Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрлэлээ...

Орчин үеийн Монгол Улсын 100-аад жилийн түүхийг бичсэн, Монгол Улсын хамгийн том институци задрах, мөхөх аюул ойртжээ...

Улс төрийн намгүй, итгэл үнэмшил бүхий бүтцийн байгууллагагүй болвол манай улс "өнгөт хувьсгал"-ын замаар эргэлт буцалтгүй орж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учрахыг энд нурших нь илүүц биз ээ.

Шалтгааныг нийт гишүүдээрээ, сүүлчийн боломж байгаа дээр эрүүлээр дүгнэх цаг нь болжээ.

Өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцлагыг үүрэхээс амиа бодон зугтаж, намаа хагалан бутаргаж буй УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын явцуу, бодлогогүй дайсагнал 98 жилийн түүхтэй намын, цаашилвал Монгол Улсын язгуур эрх ашигт хохирол учруулах ёсгүй ээ!

Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй ээ!

Намын лидерийн үүргээ гүйцэтгэж чадаагүй, эв нэгдлээ хангаж чадаагүй, сахилга бат ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадаагүй, ёс зүйн алдаа хийсэн нь үйлдлээрээ нотлогдсон цөөхөн гишүүнтэйгээ зарчмын хариуцлага тооцох улс төрийн эр зориг гаргаагүй, намын үнэт зүйл үзэл санааны дээр хувийн явцуу хонзогнолоо тавьсан зэрэг нь өнөөдөр нийгэмд намын нэр хүндийг шороотой хутгаж буй бодит шалтгаан гэдгийг хүн бүр мэдэж байгаа!

Хамгийн ноцтой нь сөрөг хүчнээс сонгогдсон өмнөх болон, одоогийн Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтонд М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль аль нь автаж, Монгол Улсын болон Монгол Ардын Намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул Монгол Ардын намын онц Их хурлыг яаралтай хуралдуулж, дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцохыг намынхаа нийт гишүүдээс хичээнгүйлэн хүсч байна.

Ердөө хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол Улсын ууган бүтцийн байгууллага, өөрийн бие даасан бодлогоо явуулах чадамжгүй, сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөс бүрэн хамааралтай, гишүүд нь хоёрхон хүн даган дундуураа хуваагдсан байгаа нь энэ намын 100 жилийн түүхийг бичсэн үе үеийн эх орончид, зүтгэлтнүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг дорд үзсэн, байж болшгүй арчаагүй гутамшигтай үзэгдэл юм!

Монгол Улс, гадаад аюул, дотоодын гэмт хэргийн бүлэглэлийн засаглалд хүчин мөхөсдөж болзошгүй хүнд үетэй нүүр тулсан энэ цаг мөчид Монгол Улсын Тусгаар Тогтнол, язгуур эрх ашгийг сахин хамгаалагчийн үүргээ нэр төртэй биелүүлэх цаг МАН-ын нийт гишүүдийн өмнө ирлээ.

Улс орон даяар системийн задрал явагдаж, улс төрд бугшсан шунахай бүлэглэлүүдийн зөрчил туйлдаа хүрэн бутарч, улс төрийн элдэв явуургүй тархи угаалтанд Монгол хүн бүр нэгэндээ үл итгэн дайсагнаж буй энэ цаг мөчийн эсрэг #НЭГДЭЕ хэмээн уриалж байна.

Монголчууд, тэр дундаа Монгол Ардын Намын гишүүд нэгдэж тэмцсээр энэ улсаа 100-аад жил хөгжил дэвшилд удирдан манлайлсан,одоо дахин нэгдэх, нягтрах хойшлуулшгүй нөхцөл байдалтай нүүр туллаа.

Монголын ард түмэн төрөөсөө шударга ёс нэхэн сэрж, ёс бус бүхэнтэй тууштай нэгдэн тэмцэж эхэлж буй энэ түүхэн цаг мөчид улс төрийн ууган хүчний хувьд үлгэр дууриал үзүүлэн, ард түмнийхээ итгэл сонголтыг умартан хувийн өс хонзондоо нийтийн эрх ашгаа хутган үймүүлж буй дээрх хүмүүстэй хариуцлага тооцохоос эхлэн улс төрийн шинэ соёл түгээн намаа шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Миний бие Нинж овогтой Дэмбэрэл нь МАН-д 2005 онд элссэнээс хойш, өөрийн итгэл үнэмшил, намын болон улс орны эрх ашгийн төлөө гавьяаг нь горилж биш гайг нь ихэвчлэн үүрч явсныг намын олон нөхөд мэднэ. Тиймээс энэхүү санаачлагыг элдэв далд амбиц, хүсэлгүйгээр гагцхүү зөв цагт, зөв үйл хэмээн зориглон эхлүүлэхээр шийдлээ.

Нам, зорилго нэгт нөхөд өө..., үүссэн бодит байдлыг эрүүлээр сэтгэн хүлээн авч, амиа бодсон цөөхөн даргын төлөө биш улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориглон #нэгдэе!

Намын нэрээ шороотой хутган байж хөлжсөн, баяжсан, цадсан, задарсан, зальхай хүмүүсээсээ зориглон салж, намаа бүрэн шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Боддоггүй, бодлогогүй, сонсдоггүй хүмүүсийн оронд боддог, зүтгэдэг, зориглодог хүмүүсээ урдаа гаргахын төлөө #нэгдэе!

Задарч, бутарч, тарж, үл ойлголцож буй хүнд үеийг нэгдэл шинэчлэл дахин сэргэлт болгохын төлөө #нэгдэе !

 

Улсаа, намаа, гишүүдээ хүндэтгэсэн МАН-ын гишүүн Нинжийн Дэмбэрэл