ШУ-д үндэслэсэн хууль тогтоомж гарган, хэрэгжилтийг нь хангаснаар агаарын бохирдлоос ангижрах боломжтой

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэвлүүлсэн “Агаарын бохирдол” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл дээр тулгуурлан бичив. Уг өгүүлэл нь Калифорниа мужийн Бюттэ тосгоныг бүхэлд нь хамарч шатаасан ойн түймрийн утаанд мужийн бүх хэсэг өртөж, 14 хоногийн турш агаарын бохирдол нь 200мг/м3 хүрсэн өдрүүдэд Калифорниачуудад зориулан бичигдсэн юм.

Улаанбаатарчуудын эрүүл мэндэд  утаа хэрхэн нөлөөлж байна вэ?

Нүүрснээс гаралтай утаа нь олон төрлийн бодис агуулдаг ч эрдэмтэд зөвхөн нарийн ширхэгт тоосонцорт гол анхаарлаа хандуулан судалдаг. Учир нь нарийн ширхэгт тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн ихээр, маш ноцтой нөлөөлдөг. Ялангуяа 2.5 микроны диаметрийн хэмжээтэй ширхэгт тоосонцор нь (PM 2.5) хүний үсний диаметр шиг хэмжээтэй нарийн ширхэг тоосонцор юм. Эдгээр нарийн ширхэгт тоосонцор агуулсан агаараар амьсгалснаар уушгиндаа тоосонцор хуримтлагдаж, улмаар уушги өвчилж эхэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын PM 2.5-ын стандарт 24 цагийн дундаж 25mg/m3 байдаг боловч Улаанбаатар хотод 600 mg/m3  хүрэх нь бий. Цаг уур, орчны шинжилгээний газраас тухайн өдрийн агаарын бохирдлын хэмжээг эрүүл мэндэд аюултай, маш аюултай гэх мэтчилэн зарладаг.

PM 2.5-ын хэмжээ 600 mg/m3 хүрсэн үед хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүмүүсийн астма өвчин сэдрэх, астматай болох, артерийн болон зүрхний  эмгэг өвчин тусах, хууч өвчтэй хүмүүс хууч өвчин нь хөдлөх зэргээр нөлөөлдөг. Агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд эрүүл хүмүүс бронхиттой болох, уушгины хатгалгаа (уушгины гүн үзүүрт тоосонцор бөөгнөрлийг амьсгалын замын өвчин) тусах нь их байдаг.

Агаарын бохирдлоос өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар эрдэмтэд дараах зөвлөгөөг өгдөг. Үүнд: хамгийн гол нь аль болох бага бохирдсон агаараар амьсгалах шаардлагатай. Үүний тулд гадагш бага гарах, гэртээ болон албан тасалгаандаа цонх хаалгаар гаднаас бохир агаар шүүрч орж ирэхгүйгээр сайн чигжсэн байх шаардлагатай. Бүх өрөөндөө өрөөний зай, хэмжээнд тохирсон агаар шүүгч (HEPA) тавих, цонхондоо шүүлтүүр суулгах зэрэг арга хэмжээ авснаар дотор агаарыг цэвэр байлгах боломжтой. Түүнчлэн тамхи татахгүй, арц хүж уугиулахгүй байх нь агаар цэвэр байхад мөн чухал нөлөө үзүүлдэг.

Гадаа явахдаа стандартын шаардлага хангасан амны хаалт буюу маск (N95, N100 маркийн маск) зүүх нь үр дүнтэй. Эдгээр маск нь агаарыг стандартын хэмжээнд шүүдэг. N95 маск нь агаарыг 95% харин N100 маркийн маск нь бохирдлыг 100% шүүдэг. Олон улсын стандартад нийцсэн эдгээр маскыг Засгийн газраас сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах эсхүл бага үнээр худалдах зэрэг арга хэмжээ авах нь хүүхдийн ханиад томуунаас сэргийлэхэд чухал арга хэмжээ болно. Маск нь нүүрний зохих хэсгийг битүүмжлэн таарсан, агаар зөвхөн маскны шүүгчээр л орж  байхаар сонгож авах нь чухал. Мөн гадаа удаан хугацаагаар алхахгүй байх нь уушгиндаа их хэмжээний бохирдсон агаар орохоос хамгаална.

Агаарын бохирдол дэлхийн бусад улс орнуудад ямар байдаг вэ?

Дэлхийн эрүүл мэндийн Байгууллага  (ДЭМБ)-аас дэлхийн нийт хүн амын 97% нь агаарын бохирдолтой (стандартад хүрдэггүй) орчинд амьдардаг гэсэн судалгаа гаргажээ. Зарим оронд дотор агаарын, харин бусад хэсэгт нь гадна агаарын бохирдолтой байдаг нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Жил бүр дэлхийн 7 сая хүн агаарын бохирдлоос болж цагаасаа эрт нас бардаг бөгөөд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Энэтхэг Улсын Дели хот хамгийн бохирдсон хотын тоонд багтдаг ба зарим үед 700 mg/m3, бүр 1000mg/m3 ч хүрсэн байх нь хэдэн цагийн туршид үргэлжилдэг байна. Дели хотоос гадна Энэтхэгийн бусад хотууд болон Хятад Улсын зарим хотууд агаарын бохирдол ихтэй хотын тоонд орж байна. Ойрхи Дорнодын зарим орон, тухайлбал Иран улс тоосонцорын бохирдол ихтэй орнуудын тоонд багтдаг. Африкт, ялангуяа Нигер Улсын зарим хотууд агаарын бохирдол тоосонцор ихтэй байдаг ажээ.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлын хувьд дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь ахуйн зориулалтаас галлаж буй нүүрс, түлээнээс үүдэлтэй гэж үздэг. Агаарын бохирдлын хэмжээ хэдэн зуугаар хэмжигдэх нарийн ширхэгт тоосонцор  хэдэн сараар үргэлжилдэг. Агаарын бохирдол гэр хорооллын айл өрхүүдийг гэр доторх галлагаанаас үүсэн гадна агаарт хуримтлагдан орчны агаарыг бохирдуулдаг.  Энэтхэг болон Хятадын  агаарын бохирдлын 25% нь гэрийн түлээнээс гарсан утаанаас үүдэлтэй.

Аливаа улсын Засгийн газраас нь шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан хууль тогтоомж, журмыг батлан, тэдгээрийг чанд баримтлан хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрсэн жишээг АНУ-ын Калифорни муж болон агаарын бохирдлын асуудлыг тодорхой төвшинд шийдэж чадсан улсуудаас харж болно. Лож Анжелос хотын агаар маш их бохирдолтой байсан бөгөөд үүнийг шийдэх зорилгоор анх 1968 онд Ерөнхийлөгч Дональд Рэйганий Засгийн газар Калифорни мужийн Агаар дахь бодисын агууламжийн асуудал эрхэлсэн хороог байгуулж байжээ. Калифорни муж нь шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацаанд шат дараалсан зөв арга хэмжээнүүдийг үр дүнтэй авч хэрэгжүүлсний дүнд өнөөдөр Калифорничууд хамгийн сайхан цэвэр агаараар амьсгалж байна. Цэвэр дулаан, цахилгаан хангамж болон утаагүй машин унахыг дэмжих зэрэг бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Лос Анжелос хотын агаарын бохирдол 90% хүртэл буурсан байна.

1990-ээд оны Сөүл болон Мехико хотуудын агаарын бохирдол маш их байсныг та бүхэн санаж байна уу? Мөн саяхан болтол Бээжин хотын агаар ихээхэн бохирдолтой байсныг санаж байна уу? Эдгээр хотууд хатуу чанд хууль, тогтоомж гарган, хэрэгжилтийг сайн хангаснаар тодорхой үр дүн гарч эхэлжээ. Үүний тодорхой жишээ нь 2013 оноос хойш Хятадын 80 гаруй хотуудын агаарын бохирдлын хэмжээ  буурч байгаа тухай судалгаа юм. Хэдийгээр Хятад Улсын агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр харьцангуй өндөр байгаа ч энэ нь 2013 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн холбогдох хууль, тогтоомж боловсруулж, тэдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайтар хангаж, оновчтой арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой нь харагдаж байна.

Орчин үед нарийн ширхэгт тоосонцорыг хэмждэг төрөл бүрийн багаж, төхөөрөмжүүдийг боломжийн үнээр худалдаж авах боломжтой болсон. Тухайлбал, агаарын хэм, чийгшил, агаар дахь нарийн ширхэгт тоосонцорыг нэгэн зэрэг хэмждэг багажуудыг 100-1000 ам.доллараар худалдан авч гэртээ болон албан тасалгаандаа тавих боломжтой. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах нь биеэ даасан томоохон бизнес болон хөгжих төлөвтэй байна. Мөдхөн яг л гар утас эсхүл фэйсбүк шиг өргөн дэлгэр хэрэглэх тийм хэмжээнд хүрэх болов уу.

АНУ-ын Калифорниа мужид нийгмийн эрүүл мэндийн салбарт ажилладаг,  
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Юмаа