Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Ц.Сарангэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үүсээд буй нөхцөл байдалтай танилцлаа.

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсэж, жолооч нар олон хоногоор дугаарлаж, хүнд нөхцөлд ажиллаж байсан юм. Тэгвэл Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд нүүрс тээвэрлэлтийн дараалал багассанаас гадна жолооч нар эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж эхэллээ.

Нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн бямба гарагаас эхлэн долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар боллоо. Энэхүү үзлэгт зүрх судас, хоол боловсруулах эрхтний эмгэг, бөөр, мэдрэл, мэс засал, нүд, чих хамар хоолой, эрүү нүүр, дүрс оношлогоо, арьс бэлгийн зам, хүүхэд, эмэгтэйчүүд, сэтгэл засал, донтох эмгэг, сүрьеэ зэрэг нарийн мэргэжлийн эмч нар зөөврийн дүрс оношлогоо, лабораторын шинжилгээ, цус, шээс, биохимийн зэрэг шинжилгээнүүдийг авч, зүрхний цахилгаан бичлэг, рентген шинжилгээ, эхо зэрэг үзлэг шинжилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд оношилж байна. Эрүүл мэндийн үзлэгт жолооч нараас гадна тухайн газрын оршин суугчид, цагдаа нар хамрагдах юм.

Засгийн газраас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уртын урт тээврийг зогсоож, урт богино тээвэрлэлт хийхээр шийдвэрлэсэн. Энэ үед жолооч нарын гэргий нарын холбоо, Монголын эрчүүдийн нийгэмлэг, аж ахуй нэгжүүдээс жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарахыг хүссэний дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх явуулын эмнэлэг ажиллуулах санаачлагыг гаргаж, өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэг хийгдэж буйг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар илэрхийлээд, энэ бүс нутагт тээвэрлэлт хийж буй нийт жолооч нар, гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, цагдаагийн албан хаагчид, орон нутгийн иргэд эрүүл мэндийн үзлэгт идэвхитэй хамрагдахыг хүссэн. Цаашдаа иргэдийн эрүүл мэндэд Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч ажиллах болохоо хэлсэн юм.

Хэдэн арван хоногоор тээвэрлэлтэд явдаг жолооч нар эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Я.Содбаатартай уулзах үеэрээ илэрхийллээ. Гэхдээ цаашид жолооч нарын нийгмийн асуудалд анхаарахаас гадна нүүрс ачилтын ААН-үүдийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах шаардлага байгааг хэллээ. Ийнхүү жолооч нартай уулзаж, саналыг нь сонссоны дараа Гашуунсухайт боомт орчимд баригдаж буй “Авто зогсоолын цогцолбор”-ын ажлын явцтай танилцсан юм.

Засгийн газрын хуралдаанаар нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын амрах “Авто зогсоолын цогцолбор”-ыг барих шийдвэр гаргасан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст 48 га талбайд “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжиж буй бөгөөд ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Уг цогцолбор ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгах, Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ. Мөн нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулах, жолоочдын амь нас хохирох эрсдэлийг бууруулж, Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай уулзсан юм. 2017 оноос хойш ангилалгүй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавьж ажиллаж байгааг цагдаагийн хошууч н.Энхболд хэлж байна. Түүнчлэн урт дараалал үүссэн үед жолооч нар маршрутын бус замаар явах, тромсны систем дутуу, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй үедээ хөдөлгөөнд оролцох, архидан танхайрах зэрэг хэрэг зөрчил ихээр гардагийг хэлээд тус бүс нутагт суурин болон хөдөлгөөнт нийт 28 мянга гаруй иргэнд 20 гаруй л цагдаагийн алба хаагч хүрч ажиллаж байгааг хэлсэн юм. Цагдаагийн хүн хүч хүрэлцэхгүй, дутмаг байгаа тул нэмэгдүүлэх шаардлага байгааг уулзалтын үеэр илэрхийллээ.

Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс бүрдсэн ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллалаа.

Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарна Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарна Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарна